СЭЛЭНГЭ: “Хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт илтгэлийн уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-09-13 14:57:36

Сүхбаатар, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. “Сэлэнгэ аймаг, хил орчмын бүс нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулахад талуудын оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээ, онол, практикийн бага хурлыг ирэх сарын 18-ны өдөр аймгийн ЗДТГ, аймгийн Онцгой байдлын газраас хамтран зохион байгуулна.

 

Үүнтэй холбогдуулан орон нутгийн Засаг захиргаа, Онцгой байдлын байгууллага, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдын дунд эрдэм шинжилгээний өгүүллийн уралдааныг зарлалаа.

 

Уралдаанд ирүүлэх бүтээлийг 9-р сарын 30-ныг хүртэл хүлээн авах бөгөөд ирүүлсэн бүтээлүүдийг зохион байгуулагч тал Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлтэй хамтран шалгаруулах юм.

 

Тухайлбал 1, 2-р шатны шалгаруулалтыг зохион байгуулж, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд оролцох, эмхэтгэлд хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх гэсэн хэлбэрүүдээр сонгоно.

 

1 дүгээр шатанд шалгарсан бүтээлийг урьдчилан мэдэгдэж, 2 дугаар шатны шалгаруулалтыг Сэлэнгэ аймагт зохион байгуулах юм.

 

Уралдааны тэргүүн байр 1 сая 200 мөнгөн төгрөг, өргөмжлөл, дэд байр 1 сая төгрөг, өргөмжлөл, гутгаар байр 800 мянган төгрөг, өргөмжлөл байх бөгөөд тусгай байр 2-ыг шалгаруулж тус бүр 400 мянган төгрөг, өргөмжлөлөөр шагнаж урамшуулна.

 

Мөн илтгэл хэлэлцүүлсэн бусад илтгэгч тус бүрд 200 мянган төгрөгийн урамшуулал олгоно. 

Холбоотой мэдээ