Ла-Нинья үзэгдэл болох магадлал 60 хувьтай байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2024-09-13 16:09:45

ЖЕНЕВ. 2024 оны есдүгээр сарын 13 /Anadolu/. Ла-Нинья үзэгдэл энэ оны эцэс гэхэд эхлэх магадлал 60 хувьтай байна гэж Дэлхийн цаг уурын байгууллагаас /ДЦУБ/ саяхан гаргасан тайланд дурджээ. 


ДЦУБ-ын хамгийн сүүлийн үеийн урьдчилсан мэдээгээр, одоогийн хоёр үзэгдлийн хоорондох нөхцлөөс (Эль-Нино ч биш, Ла-Нинья ч биш)  Ла-Нинья рүү шилжих магадлал 55 хувьтай байна. Харин 10 дугаар сараас ирэх оны хоёрдугаар сар хүртэл энэ магадлал 60 хувь хүртэл өсөх ба энэ хугацаанд Эль-Нино дахин үргэлжлэх магадлал маш бага байна. 


Ла-Нинья гэдэг нь Номхон далайн төв ба зүүн экваторын хэсгийн гадаргын температур их хэмжээгээр буурснаар салхи, агаарын даралт, хур тунадас зэрэг халуун орны агаарын урсгалын эргэлт өөрчлөгдөх үзэгдэл юм. Энэ үзэгдлийн нөлөө нь түүний идэвхжил, үргэлжлэх хугацаа, жилийн улирал болон цаг уурын бусад үзэгдлээс шалтгаалан өөр өөр байдаг. Ерөнхийдөө Ла-Нинья нь халуун бүсийн уур амьсгалд нөлөөлдөг Эль-Ниногийн эсрэг үзэгдэл юм. 


Ла-Нинья, Эль-Нино зэрэг цаг уурын үзэгдлүүд нь хүний хүчин зүйлээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр явагдаж байгаа бөгөөд энэ нь дэлхийн агаарын температур нэмэгдэх, цаг уурын эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдэх, улирлын хур тунадасны хэмжээ, агаарын хэмийн горимд нөлөөлж байна гэж ДЦУБ-ын тайланд дурджээ.



Холбоотой мэдээ