ӨМНӨГОВЬ: Уртын дууны өв санг "Говь шанхын уртын дуу" уралдаанаар түгээн дэлгэрүүлж хамгаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-09-17 15:15:34

Даланзадгад, 2024 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийг хөгжүүлэх "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд "Говь шанхын уртын дуу" улсын уралдааныг 4 дэх удаагаа хоёр насны ангиллаар зохион байгууллаа.

 

Говь нутгийн уртын дууны өв санг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, уламжлуулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулж байгаа "Говь шанхын уртын дуу"-ны улсын уралдааныг есдүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулж, Улаанбаатар, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгийн нийт 34 уртын дуучин оролцлоо.

 

"Говь шанхын уртын дуу" улсын уралдааны үеэр  “Боржгин уртын дууны онцлог, харьцуулсан судалгаа” сэдвээр СУИС-ийн уртын дууны багш, МУГЖ С.Цогтсайхан, “Говь шанхын уртын дуу”, Холч морь дууг хуурдах арга барил" сэдвээр СУИС-ийн багш, МУСТА Б.Цогтбаатар, “Өндөр хаан дууны түүхчилсэн судалгаа" сэдвээр уртын дуучин, МУСТА О.Оюун-Эрдэнэ нар илтгэл тавилаа.


Говь шанхын уртын дууны мартагдаж байгаа дуулалтын өв соёлыг сэргээх зорилгоор уралдааныг “Говь шанхын уртын дуу” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ удаагийн улсын уралдаанд уртын дууны чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, илтгэлийг дуучдад хүргэснээрээ онцлогтой боллоо.

 

Өмнөговь аймаг уртын дууны өв соёлыг сэргээн таниулах чиглэлээр Даланзадгад, Цогтцэций суманд шавь сургалтуудыг тогтмол зохион байгуулж, нийт 750 хүүхдийг хамруулжээ. 

 

Уралдааны насанд хүрэгчдийн ангилалд тэргүүн байрт Ханхонгор сумын ЕБС-ийн хөгжмийн багш Н.Доржмандах, дэд байрт Өвөрхангай аймгийн Баруун-Баянулаан сумын цаг уурын өртөөний дарга Н.Цэцэгсүрэн, гутгаар байрт СУИС-ийн уртын дуу дуулаачийн ангийн 1-р курсын оюутан Н.Гандөрөө, Б.Марал нар эзэллээ.


Харин хүүхдийн ангилалд тэргүүн байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын "Говийн ирээдүй" сургуулийн 11а ангийн сурагч М.Цэрэнханд, дэд байрт Улаанбаатар хотын БЗД-ийн Соёлын ордны 11в ангийн сурагч Н.Нарансолонго, гутгаар байрт Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Эрдмийн далай” сургуулийн 12б ангийн сурагч М.Чойжийдогмид, тусгай байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч А.Анх-Эрдэнэ нар шалгарлаа.


Шилдэг концертмейстерээр Завхан аймгийн Идэр сумын уугуул СУИС-ийн ХУС-ийн багш Н.Түвшинжаргал тодорлоо.  

 

Холбоотой мэдээ