ХОВД: Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг сайжруулах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-19 15:09:14

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Ховд аймагт үндэсний бичиг соёлыг сурталчлахад чиглэсэн ямар ажил хэрэгжиж байгаа талаар Боловсролын газрын мэргэжилтэн Д.Олонбаяраас тодрууллаа. 


-Тус аймагт монгол хэл, бичиг дэд хөтөлбөр хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд 2024 онд ямар онцлох ажил хийж байна вэ? 
-Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан "Эх хэл, соёлоо эрхэмлэе" сэдэвт нөлөөллийн аян өрнүүлж, 17 ажил зохион байгуулахад 10 мянга гаруй хүн оролцлоо.

Тус аяны хүрээнд хэлний бодлогын салбар зөвлөл, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж, монгол бичгээр унших, бичих ур чадварыг сайжруулах, түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм. 

Мөн хавар номын баярын үеэр “Ховдын өнгө” уран бичлэгийн үзэсгэлэн гаргахад 10 уран бичээч 400 гаруй бүтээлээ дэлгэн танилцууллаа.

Ховд аймгийн төрийн байгууллагын албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, хос бичигтэн болох бэлтгэл хангах зорилгоор “Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг” сэдэвт уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулсан. Гурав дахь жилдээ өрнөж буй тус уралдаанд 30 байгууллагын 180 ажилтан оролцож, үндэсний бичгийн мэдлэг, чадвараа сорив. 

Үүнээс гадна "Үндэсний хэл, бичиг - үнэт өв” сэдэвт уран илтгэлийн уралдаан болон уншлага, хичээнгүй цэвэр бичиг, цахим бичвэрийн уралдаан зохион байгуулахад сурагч, оюутан, төрийн албан хаагч, иргэд гэсэн ангиллаар 500 гаруй хүн оролцсон юм. Мөн сурагчдын дунд бүтээлч уралдаан, лекц, уран бичлэгийн сургалт зэргийг үе шаттай зохион байгуулж байна.

Монгол Улсын Гавьяат багш Б.Даваадорж монгол бичгийн талаар 44 цуврал цахим хичээл бэлтгэж, төрийн байгууллагуудад хүргэсэн. Мөн Прогресс сургуулийн монгол хэлний багш нар сурагчдад зориулсан “Үндэсний бичгийн дэвтэр 1, 2” гарын авлагыг боловсруулж, сургалтад ашиглаж байна. 

Саяхан бүх нийтийн хэрэгцээнд зориулж, Монгол хэл, бичиг дэд хөтөлбөрийн дэмжлэгээр МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн багш Г.Нямдаваа “Монгол бичиг" сэдэвт ном хэвлүүлж, олон нийтийн хүртээл болголоо. 

-Төрийн байгууллага 2025 оноос эхлэн албан хэргийг кирилл, монгол бичгээр хослуулан хөтлөхөөр шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд хос бичигтэн болох бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?   
-Төрийн байгууллагын хаяг, шагнал, хүндэтгэлийн зүйлийг уран бичлэг болон монгол бичгээр бичиж хэвшиж байна. Мөн монгол бичгийн ээлтэй орчин бүрдүүлэхээр хаяг, мэдээллийн самбараа хос бичгээр бичиж, монгол бичгийн цагтай болсон. Төрийн байгууллагын архив, бичиг хэргийн ажилтнууд үндэсний бичгээр цахим бичвэр боловсруулах сургалтад хоёр удаа хамрагдаж, албан хэргээ хос бичгээр туршиж эхэллээ.  


-Энэ жил төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа хийсэн. Үүний үр дүнгээс хуваалцвал?

-“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-т дөрвөн жил тутам төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа авахаар заасан байдаг. Энэ жилийн тухайд, Ховд аймгаас 4738  албан хаагч судалгаанд хамрагдсан юм.

Үндэсний бичгийн мэдлэгийн түвшнээр авч үзвэл, тэдний 12 хувь нь сайн, 30.7 хувь нь дунд, бусад нь бага зэрэг, мэдлэггүй гэсэн үр дүн гарсан.    

-Тэгвэл цаашид монгол бичиг, соёлын хэрэглээг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэх ямар ажил төлөвлөсөн вэ? 
-Дээрх судалгааны үр дүнд үндэслэн төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, цахимаар бичих чадварыг сайжруулахад чиглэсэн сургалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.  Мөн төрийн албан хэргийг хос бичгээр бичих ажлыг эрчимжүүлэхэд анхаарах юм. 


Холбоотой мэдээ