Бүх ангиллын визийг цахимаар олгож эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Азийн Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гадаадын иргэний мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэн, Гадаадын иргэн, харьяатын газраас олгодог бүх ангиллын уригчтай визийг цахимаар олгож эхэллээ.
Уг 54 ангиллын визийн зөвшөөрлийг уригчийн хүсэлтийг үндэслэж олгох бөгөөд
гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системд хандаж, шууд виз мэдүүлнэ. Ингэхдээ уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь уригдаж
буй гадаадын иргэний визийн хураамжийг урьдчилан төлж, хүсэлтийг зөвшөөрсөн тохиолдолд цахимаар виз олгож, уригчийн бүртгэлтэй шууданд зөвшөөрсөн мэдэгдэл очих
юм. Хэрэв уригч нь визийн хураамжийг урьдчилан төлөх шаардлагагүй тохиолдолд
визийн зөвшөөрөл мэдүүлж, энэ дагуу
Элчин сайдын яам, Консулын газар эсвэл хилийн боомт дээрээс визээ авах
боломжтой.
Засгийн газраас хэрэгжүүлж буй аялал жуулчлалыг дэмжих
бодлогын хүрээнд 2021 оноос эхлэн 30 хүртэл хоногийн аялал жуулчлал (К2),
спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох (К4), дамжин өнгөрөх (К6), ажиллангаа
амрах гадаадын иргэн-Австрали (k7) гэсэн дөрвөн ангиллын визийг 99 орны
иргэнд цахимаар олгож байсан. Монгол Улсад албан, хувийн хэргээр түр болон
оршин суухаар ирэх гадаадын
иргэнд виз олгох нөхцөлийг хөнгөвчлөх, үйлчилгээг илүү түргэн шуурхай хүргэхээр Засгийн газрын 2024 оны тогтоолоор
Монгол Улсын виз олгох журамд өөрчлөлт оруулж, цахимаар олгох визийн төрлийг
нэмэгдүүлснийг ГИХГ мэдээлжээ.