ДОРНОД: 55 хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл засал, хамгааллын үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-04 17:39:58

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн Аудитын газраас “Хүүхэд хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, түүний хэрэгжилт болон бий болсон үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын нээлтийг энэ сарын 3-ны өдөр хийв.

 

Хүүхэд хамгааллын тухай хууль анх 2016 онд батлагдсанаас хойш 6 удаагийн нэмэлт өөрчлөлт орж, 50 орчим журам, 8 стандартыг мөрдөн ажиллаж байна. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 онд батлагдсан бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн дагаж мөрдөж байна.

 

Дорнод аймгийн хэмжээнд нийт хүн амын 31663 буюу 37 хувийг хүүхэд эзэлдэг.

Үүнээс:

• Бүтэн өнчин - 95

• Хагас өнчин - 1,030

• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд - 355

• Эцэг эхтэйгээ амьдарч байгаа хүүхэд – 28,577

• Эхтэйгээ амьдарч байгаа хүүхэд – 2,456

• Эцэгтэйгээ амьдарч байгаа хүүхэд - 327

• Эцэг эхтэйгээ амьдардаггүй хүүхдийн тоо - 147

• Дотуур байранд амьдарч буй хүүхдийн тоо – 957 хүүхэд байна.

 

Дорнод аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын байгууллагаас хүүхдийн эрх хамгааллын чиглэлээр 193 кейс файл үүсгэн эрсдэлт бүлгийн хүүхдийг хяналтад авч, мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллажээ.

 

Аймгийн хэмжээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 21 удаагийн “Хүүхэд хяналт шалгалт” зохион байгуулсан байна. Мөн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан 11 хүүхэд, бэлгийн хүчирхийллийн хохирогч 25 хүүхдээс 16 хүүхдэд, гэмт хэргийн гэрч сэжигтэн 28 хүүхдэд хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, сэтгэл засал, хөгжлийн, хууль эрх зүй зэрэг үйлчилгээг үзүүлж, хүүхэд хамгааллын хариу арга хэмжээ авч ажиллажээ.

 

Уг аудитын нээлтэд аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд, хүүхэд хамгааллын байгууллагын ахлах мэргэжилтнүүд оролцлоо.

Холбоотой мэдээ