Өмнөговьчуудын өмнө тулгамдаад байгаа зарим асуудлыг шийдвэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-17 12:33:58

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй ажлын хэсэг Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үед ард иргэдээ эрүүл хүнс, орон байраар хангах, боловсрол мэргэжил олгож ажилтай орлоготой болгох зэрэг ажлыг шат дараалалтай хэрэгжүүлэх нь нэн тэргүүний асуудал болоод байгааг Шадар сайд онцолж ирэх 4 жилд хэрэгжих Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Өмнөговьчуудын өмнө тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцов. Боомт болон уул уурхайтай холбоотой жолооч нарын аюулгүй байдлыг хангах, тээвэр зохицуулалт хяналтыг сайн хийх, түүхий эдээ боловсруулж экспортлох, худаг ус, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, мал аж ахуйгаа хөгжүүлэх, хоршоог дэмжих хэрэгтэй байгаа зэрэг олон саналуудыг иргэд онцолж байлаа.

Шадар сайдын айлчлалын үеэр Өмнөговьчууд Эрдэнэс Таван толгойн уурхай орчимд хэрэгцээтэй 14 км хатуу хучилттай авто зам, хилийн боомтуудад тулгамдаж байгаа эмч, цагдаа нарын хүрэлцээг нэмэгдүүлэх, жолооч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, аюулгүй байдал хяналтыг сайжруулахтай холбоотой олон асуудлыг шийдвэрлүүлсэн юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ