СЭЛЭНГЭ: Ө.Сувдаа: Шат шатны сонгуулийн хороод хуулийн дагуу бэлтгэл, зохион байгуулалтаа ханган ажиллаж байна

СОНГУУЛЬ 2024
otgontsetseg@montsame.mn
2024-10-09 09:58:30

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хорооны дарга Ө.Сувдаатай ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. -Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн онцлог зохицуулалт юу байна вэ?

-Сэлэнгэ аймаг нь 41 мандаттай бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Монгол Ардын намаас 41, Ардчилсан намаас 41, ХҮН намаас 10, бие даан 2 нийт 94 нэр дэвшигч өрсөлдөхөөр аймгийн Сонгуулийн хороонд холбогдох баримт бичгээ хуулийн дагуу тогтоосон хугацаанд ирүүлснийг аймгийн Сонгуулийн хороо хянан үзэж, бүртгэх шийдвэр гаргасан.


Аймгийн хэмжээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 797 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд үүнээс Монгол ардын намаас 383, Ардчилсан намаас 377, Иргэний хөдөлгөөний намаас 27, бие даан 10 нэр дэвшигч байна.


Хуулийн дагуу нэр дэвшигчдэд аймаг, сумын Сонгуулийн хороо 9 дүгээр сарын 26-ны өдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. 14 хоног амжилттай яваад хуулийн хүрээнд өнөөдөр нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил дуусна.


Энэ удаагийн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль 10 дугаар сарын 11-нд болох бөгөөд шат шатны сонгуулийн хороод хуулийн дагуу бэлтгэл, зохион байгуулалтаа ханган ажиллаж байна. 


-Орон нутгийн Хурлын сонгуулийн дүн гаргах, мэдээлэх ажлыг хэрхэн хийх вэ?

-Тухайн шатны сонгуулийн хороо санал хураалтын дүнг үндэслэн тойрог бүрд нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргах бөгөөд хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцохоор хуульчилсан байгаа.


Тухайн шатны сонгуулийн хороо тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох  тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш 7 хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэхээр байгаа.


Санал авах ажиллагаа дууссаны дараа нийт хэсгийн хороодын 50 хувьд хяналтын тооллого хийгдэх бөгөөд Хяналтын тооллого хийх үйл ажиллагааг нээлттэй зохион байгуулж, нам, эвсэл, нэр дэвшигчийн ажиглагчид, хэвлэл мэдээллийг төлөөллийг оролцуулж, хяналтын камерт тасралтгүй буулгаж, тооллогын үйл ажиллагааг зохион байгуулахаар зохицуулагдсан. Хяналтын тооллого хийх хэсгийн хороог санал хураалт дуусмагц санамсаргүй сонголтын аргаар сонгоно.


-Зөөврийн хайрцгаар санал авах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ?

-Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 09:00-20:00 цагт зохион байгуулна.


Өөрийн байнга оршин суугаа нутаг дэвсгэрт байгаа эрүүл мэндийн шалтгааны улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч, дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч. Мөн зөрчлийн улмаас саатуулагдсан, баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр хуульд заасан байдаг.


Тодруулж хэлбэл, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх сонгогч эрүүл мэндийн талаарх эмчийн магадалгаа, өөрийн хүсэлтийг дараах байдлаар хүргүүлнэ.

Эмнэлэг, сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн байгууллагын захиргаанд бусад тохиолдолд өөрийн харьяа хэсгийн хороонд хүргүүлнэ.


Сонгогч нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүй бол тухайн сонгогчийн харьяалагдах баг, хорооны Засаг дарга түүний хүсэлт мэдээллийг холбогдох хэсгийн хороонд хүргүүлэх үүрэгтэй.


Эрүүл мэндийн байдлаас бусад тохиолдолд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчид хүсэлтээ тухайн байгууллагын удирдлагад өгөх бөгөөд тухайн байгууллагын удирдлага уг хүсэлтийг тодорхойлолтын хамт санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө өөрийн байгууллагын нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдах сум, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлэхээр хуульчилсан.


Сум, дүүргийн сонгуулийн хороо ирүүлсэн хүсэлт, тодорхойлолтыг нь санал  авах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө тухайн байгууллагын нутаг  дэвсгэрийн хувьд харьяалагдах хэсгийн хороонд хүргүүлэх бөгөөд нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглосон байгаа.


-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ