Цасан титэмт уулсын нутгаар
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/.
-Баруун аймгуудад зорчсон аян замын тэмдэглэл-
Ус нутагтаа дахин хөл тавилаа
Энэ зун хонгор нутагтаа хоёронтоо очлоо. Ээлжийн амралтаа авч, ижийгээ
зорьсон уламжлалт, айвуу аян эхнийх байсан. Харин нутгаас эргэж ирээд сар
болоогүй, баруун бүс нутагт албан ажлын шалтгаанаар дахин аялахдаа нутагт түр
дөрөө мултлах аз, албан томилолт таарав. Баянхонгор аймгийн төвд багахан саатаж, аймгийн Боловсролын газарт эх хэл бичгийн багш нартай уулзан, монгол бичгийн
бодлого шийдвэрийн биелэлт, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг
тодорхойлсон ээлжит судалгааны дүн, хагас жаран илүү жилийн түүхтэй “Хүмүүн
бичиг” сонин, өнгөрсөн жилээс олон улсын хэмжээнд зохион байгуулах болсон
“Монголын сайхан бичигтэн” уралдааны талаар ярилцаж, мэдээлэл солилцсон билээ.
Баянхонгор аймгийн сурагч хүүхдүүд, төрийн албан хаагчид тус сониныг сүүлийн
жилүүдэд идэвхтэй захиалан уншдаг болсон хийгээд улсын хэмжээнд хамгийн олон
захиалагчтай таван аймагт тогтмол багтах болсон нь чамлаж үл болох амжилт юм.
Бууцагааны хүүхдүүд үгийг минь, Буянтцагаан нэрээ эгүүлэн авах болов уу
Алтай нутгийг чиглэсэн тэгш дардан замаар довтолгох зуур Баянхонгор аймгийн хойд захын сумдын нэг Бууцагаанд түр буудаллаж, тус сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдтэй уулзалдсан юм. Энэ өдөр баасан гаргийн үдэш таарч буй тул байрны хүүхдүүдийн ихэнх нь хөдөө гэр лүүгээ явцгаасан, гэр холтой болоод хөдөөлөх унаагүйгээс ахлах дунд болон бага ангийн цөөн хүүхэд үлдсэн байлаа. Хэдэн жилийн урьдаас энд “Шинэ сум” төслийг амжилттай хэрэгжүүлснээр Буянтцагаан сумын цэцэрлэг, сургууль тохитой, иж бүрэн цогцолбор барилгад төвхнөж, хүүхдүүд өвлийн цагт гадаа гарахгүйгээр сургалт хүмүүжлийн болоод амрах бүх цагаа тохилог орчинд өнгөрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлжээ.
Дотуур
байрын багш нь хүүхдүүдтэйгээ уулзуулах хүсэлт тавьсан тул багш хүний хувьд
татгалзах арга яахан байх билээ. “Өнөөдөр та нарын сууж буй энэ байр орон,
гэрэл цахилгаан, хоол унд гээд бүрдсэн орчин, тав тух бүгд өнгөрсөн зууны наяад
оны бидний үеийн байрны хүүхдүүдийнхээс онхи ондоо болжээ. Одоо гагц, эрдэм
сурах эрхэм эзэд болсон хүүхдүүд та нарын хичээх л үлдсэн байна. Ахмад, дунд,
дүүмэд аливаа насны хүнийг та бүхэн ямагт “Та” гэж хүндлэн харилцаж байгтун.
Эхлээд эвгүй, ичмээр ч юм шиг санагдаж магад. Яваа яваандаа сурчихна. Ээж
аавынхаа ачийг санах, хариулах гэгч том зүйл энэ мэт багахаан юмнаас л эхэлдэг.
Хэнийг ч бай та гэж л дуудаж байгаарай. Өнөөдрийн хот сууриныхны “Миний дүүгийн
нэрийг хэн гэдэг вэ” гэх мэтийн ярианы аяс маяг бол хүндлэл биш шүү...”. Энэ
мэтээр хүүхдүүдэд хэдэн хором сургаал “айлдлаа”. Багшид нь хоёр нэг ном бэлэглэв.
Бас цүнхэнд явсан, цэнхэр дэлгэцээр анх удаа үндэсний бичгээ заасан ерөнхийлөгч
Х.Баттулгын хичээлийн иж бүрэн цомгоор бэлэг барилаа. Монгол хэл бичгийн багш
нарынх нь төлөөлөл, аймгийн шилдэг багш нарын нэг БТА М.Дэлгэрмаа багштай хэдэн хором
бичиг соёлынхоо талаар хөөрөлдөх цаг гарлаа.
Тэгээд
цааш аян замынхаа улааг нэхэхээр хөдөлсөн юм. Энэ хүүхдүүд миний үгийг хэр
авдаг бол, хэрэгжүүлдэг болов уу, хэрхдэг бол хэмээн Алтайн их уулсыг зорих урт
аяны турш бодогдсоор явлаа.
Энэ суманд нэгэнт буугаад мордсоных, бас нэрийнх нь тухайд нэгэн зүйлийг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдана. Бууцагаан гэдэг нэр угтаа Буянтцагаан хэмээх утга төгөлдөр гарвальтай байсан санжээ. Одоо тэгээд “Буу-“ гэдэг эхлэл нь бууж суух ч юм уу, буу шийдэм ч гэдэг юм уу, орос бичгээр буулгахад учир нь үл ойлгогдох эв хавгүй байдалтай болчихжээ. Тус сумын нэрийг монгол бичгээр буулгахдаа “Бу-“ гээд нэг у-тай, угийн тэр “Буянт” гэдэг үгнийхээ язгуурыг хадгалж явдаг учиртай. Үүн дээр “цагаан” гээд гол ч юм уу нуур усныхаа нэрийг залгахад “буцаан” болчихдог. “Буцаан” сум... Юу буцаадаг сум юм бол, яагаад ингээд нэрлэчихсэн юм бол гэж гайхширмаар. Иймд, Буянтцагаан нутгийнх нь бүтэн бүрэн алдрыг сэргээж, ёслол төгөлдөр тэмдэглээд удаагүй буй зууны түүхэнд нь бэлэг барилтай...
Бүх зам Ховд хүрнэ
Ховд нутагт, аль ч суманд нь явлаа гэхэд яаж аймаг хүрнэ гэж толгой өвдөхөөргүй болжээ. Учир нь, аймгийн бүх засмал зам нь Ховддоо заавал хүрдэг. Эрт нэгэн цагт бүх зам Ром хүрч байсантай агаар адилхан. Эдүгээ Ховдын 17 сумаас Дуут, Мөнххайрхан, Дөргөн гэсэн Алтайн нурууны бараг орой дээр байдаг гурван сумаас бусад нь аймагтайгаа шил толь шиг замаар холбогдсон байна. Тийнхүү нутгийн иргэд хэдэн км явах вэ гэхгүй, хэдэн цаг давхих нь вэ гэж замаа цагаар хэмждэг, тооцоолдог болж буй ажээ.
Ховд хотоос Бодончийн хавцлыг уруудуулан зассан
цардмал замыг гурван зуу гаруй км үргэлжлүүлэн, Булган сум, цааш Ярантын боомтоор
гаталгаж өмнөд хөрштэй бүрэн холбожээ. Ховдод байгаа бас нэг том засмал зам нь
Цэцэг сумын дэргэдхэн байх Хөшөөтийн нүүрсний уурхайгаас эхлэх хүнд даацын ачаа
тээврийн зам бөгөөд Ховдоос гарсан төв замаасаа хол, нэлээд урдуур баруун
тийшлэн явсаар мөн л улсын хил дээр хүрээд хошоод зам хоорондоо нийлдэг байна.
Аймгаасаа хамгийн алсад буурилсан Булган, Үенч, Алтай сумдаа ч гол засмалаар
төвтэйгөө хэдийнэ холбож амжжээ.
Алдарт Бодончийн хавцал, Бооржийн голд
Монголын баруун бүсийн их хангил даваануудын нэг Бага улаан даваагаар намрын сарын дундуур, нар нэлээд тонгойж, доорх давхарлаж үелсэн уулсынхаа тэргүүн дээр бууж байхтай нь таширлан давж үзлээ. Хуучин нийгмийн үед оросын ачааны тэрэгтэй жолооч нарын зүрхэнд шар ус хуруулдаг асан, эр хүний шандас шалгадаг давааны нэг шүү дээ гэж Галсаа дарга хөтөч хийнгээ урд суудлаас өгүүлнэм. Ховдоос Ярантын боомт хүрэх, гурван улсыг холбосон босоо тэнхлэгийн авто замыг энэ даваа өгсүүлэн 2002 оноос эхлэн 15 жилийн хугацааанд барьж байгуулжээ.
Бага
улаан давааны овоон дээр буугаад мордох саналыг аймгийн түрүүчийн дарга
тавьсныг ёсоор болгон бид түр дөрөө мултлав. Давааны зам төдийгүй хэдүүлээ нар
зөв тойрч, чулуу нэмэн, зураг даруулж бүхүй энэ овоог хүртэл шинээр байгуулжээ. Овоо
тойрох мөчид уулсын их салхин гэзэг үс, гадуур хувцас хуу татчих шахан хүүгэж
байлаа. Хуучин бол давааны овоо нь замынхаа өмнөд энгэрт байсан бол түмэн олны
ирэл буцлын уулзварт дардан сайхан засмалыг зохистой налуу газарт барихын учирт
овоог хойш замаа гаталган нүүлгэж дахин байгуулсан тохиолдол болжээ. “Давааны зам
тавиулахын тулд овоо хүртэл нүүлгэж үзсэн дээ” гэж тэрбээр өгүүлсэн юм.
Бага Улаан даваа даваад хэсэг уруудахад хойд талд зүрхэн хэлбэрт уул, түүний хаяагаар уулын булаг хоржигнон жирэлзэх нь хэдэнтээ тохиолдоно. Энэ бол Мөст сумын Баянзүрх баг бөгөөд хажуухнаар нь алдарт Бодончийн гол урсаж, хавцлын хөндий чухамдаа эндээс эхлэлээ авдаг ажээ. Зүрх багийн өмнөхөн талд хэсэг, хүн чулуутай хөндий байна. Нэг дор арав хол гаруй буган хөшөө байдаг бөгөөд гадуур нь төмөр хашаа барьж хамгаалсан байв. Баруун бүсийн хамгийн том буган хөшөөт цогцолбор энэ ажээ. Галсаа дарга үүнийг байнгын камерын хяналттай болгочих бодол тээж явдгаа дурдав. Энэ нутагт бас их элбэг юмны нэг бол хиргисхүүр ажээ. Хоёр зуугаад “юм” байх шиг байдаг гэж дарга бээр тойм тоо хэлж дуулдана. Бид зураг дүрс буулгаж аваад цаашлан Бодончийн хавцлын эх рүү, Улаан эргийн адаг гэдэг газар хүртэл нь уруудлаа. Уул нь, хавцлыг бүрэн туулж үзмээр санагдаад болох юм биш. Нар жаргах дөхсөн тул үүнээс цааш явах цаг зав даанч үлдсэнгүй дээ.
Алдар цуут Бодончийн хавцал бидний яваа энэ хөндийгөөс эх авч, нийт наян км үргэлжилдэг гэнэм. Хуучин нийгмийн үед бол өдрийн арван хоёр цагт эх рүү нь орсон ачааны тэрэг шөнийн мөн цагт, доод амаар нь арайхийн цухуйж Алтай сумын бараа хардаг байсан гэж ярилцав. Харин одоо бол өнөөх л Ховд хүрсэн толь шиг замын буянд ганц цаг сүнгэнээд л гаталчихдаг болжээ. Хавцалт хөндийд янз бүрийн хэлбэр донжтой тогтсон хад чулуу, түүнчлэн тарвага зурам, янгир зэрэг ан амьтдаас гадна байгалийн ашигт малтмал гээд дутуу юм байхгүй гэнэ. Улаан эргийн адагт буй уулын голын хуучин гүүр үүргээ нэгэнт юүлж, эдүгээ нуруу амарч, түүх болон үлджээ. Зуны дулаан цагт, зав зайтай яваа аялагчид бол хавцлыг уруудаж хэсэг яваад Сэнжит хадан дээр саатаж амран, тэндэхийн наранд бүлээссэн усанд булхаж сэрүүцэх хийгээд бүр хонож өнжөөд явах нь дэлгэр болсон ажээ. Бидний буцах замдаа түр зогсож нисдэг аппаратаар зураг буулгасан хөндийн амны баруун талын уулын хажуу дээр гэхэд нэг үйлдвэр ажиллаж байгаа харагдсан. Тэр нь вольфромын орд газар ажээ. Энэ хавийн уулс бас алт эрдэнэ элбэгтэй, мал буяны тухайдаа сарлагийн орон гэнэм. Бид Бодончийн хөндийгөөр буцах үедээ тун саяхан тоногдсон булш бунхантай ч таарсан билээ.
Мөст сумын хойд талаар урсаж, тэртээ зүүнд сүндэрлэх Баатар хайрхны нурууг чиглэн хоолой хотос руу ороод шургах голыг нутгийн ард зон Бооржийн гол гэцгээнэ. Ямар учиртай нэр вэ гэж сонирхвол, Чингис хааны үед хөлөг баатар Боорчийн нутаг байсан юм гэнэ билээ гэнэм. Ховдоос эхлэлтэй, Улаан даваагаар давдаг засмал замаас салсан нэг зам зүүн гар тийш хориод бээр даялан уруудаж, огцом баруун эргэж Бооржийн гол дээгүүр тавьсан гүүр гараад Мөст сумын төвтэй нийлэн төгсдөг байна. Д.Галсандондог дарга энэ сумын уугуул учраас сумаа аймагтайгаа засмал замаар холбох ажлыг санаачлан бүтээсэн хүн юм.
Мөст сумын төв чандманилсан гурван улаан уулын дунд төвхнөжээ. Баруун талын улааных нь оройд гарч хэсэг зуур суулаа. Сумын төв алган дээр тавьсан мэт бүрэн дүүрэн дэлхэгдэж байнам. Мөнхүү энэ уулын тэргүүн дээрээс суут, сүүт Сутай хайрхан тэртээ өмнө, өглөөний наранд үүлэн магнаг дундаа сүүмэлзэн харагдана. Домгийн тайлалд өгүүлэх нь, энэ гурван улаан уул бол Сартагтай баатрын цайгаа чанадаг тулгын гурван чулуу нь гэнэ. Зүүн доод адагт байх хар уул бол чанасан цайных нь шаар юмсанжээ. Үүнчлэн Сартагтай баатрын хайч нь гэгдэх Хайчийн хар хэмээх уул, хойшлоод Мөнххайрхан уул өөдөө түүний мориных нь мөр хэмээгдсэн уул ус ч бас байдаг ажээ.
Баруун бүсийн бүжгийн хаан
Бүжгийн урлагийг бүх урлагийн дотор нь засаглалын хэмжээний байр сууриар илэрхийлж болох юм гэж үзвэл, монголын баруун бүсийн бүжгийн урлагийн хаан төрөл нь бий биелгээ, түүнийг мэдэж мэдэрсэн, бусдад заан сургах хэмжээнд өөрийн болгосон түүчээг нь сор сондор гэж болох мэт. Тийнхүү баруун бүсийн бүжгийн урлагийн сор болсон эрхэм хүмүүн эл Мөст нутгаас төрж гарсан нь бүжигчин, бүжгийн багш, бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан Дарамын Батсүрэн агсан байжээ. Мөст сумынхан ойрмогхон Соёлын төвөө засаж шинэчлэн, гаднах өнгө зүс болоод дотоод агуулгыг сайжруулж, үүндээ хөрөнгө мөнгө чамгүй зарсан хийгээд Д.Батсүрэн багшийн нэрэмжит болгон шинээр нээж буй түүхэн үйл явдлын гэрч нь бид боллоо. Урлагийн их хүмүүний үр хүүхдүүд нутаг орныхоо энэ бичилхэн театрыг шинэчлэн сайжруулахад тодорхой хувь нэмэр оруулан хамтарсан нь тэнгэрт бүхүй ижий аавыгаа бодсон их бишрэл, хүндэтгэлийн үнэлэмж болж байнам.
Мөст сумын Соёлын төвийг Дарамын Батсүрэнгийн нэрэмжит болгон нээх ёслолд Ховд аймгийн театрын ахмад уран бүтээлчдийн “Цаст алтайн цацал” хамтлаг бүрэлдэхүүнээрээ ирж тоглон оюуны өвөрмөц бэлэг барилаа. Шинэ урлагийн төлөөлөл, өсөж яваа залуу сайхан дуучид ч Улаанбаатар хот болон Хан Хэнтий нутгаас ирж ая дууны дээжээ өргөж буй нь сэтгэл хөдлөм, сумын театрын орон зайг улсын хэмжээний ая дан, хүрээ цараатай болгож байх мэт санагдсан. Энэ суманд монгол бичгийн албан ажлаа үргэлжлүүлж, захирал Л.Тогтохбаярыг дагалдан, нэрт түүхч эрдэмтэн Д.Гонгорын нэрэмжит, сумын ЕБС-иар орж, эх хэл бичгийн багш нар, монгол бичгийн дугуйлангийн сурагчидтай уулзаж, "Хүмүүн бичиг" сониноо, үндэсний бичгээ сурталчилсан билээ.
Ховд
аймгийн залуухан Засаг дарга эмэгтэй төр түшилцэхээр сонгогдон оджээ. Түүний
албан үүргийг одоо Х.Батболд гэдэг мөн л залуу дарга орлон гүйцэтгэж байна. Дарга
бээр Мөст сумын Соёлын төвийг нээх ёслолд амралтын өдөр гэлтгүй зорьж хүрэлцэн
ирсэн нь албан байгууллагаасаа босоо бичгийн талаар үүрэг даалгавар авч яваа
надад аятайхан завшаан боллоо. Мөст сумын хүндэтгэлийн өргөө гэрт, урлаг соёлын
ёслол, концертын завсарлагаар түүнтэй уулзаж хэдэн хором ярилцаж суулаа. Ховд
аймгийнхаа төрийн байгууллагууд, холбогдох салбарын дарга удирдлагад хэлж
сануулж, чиглүүлж, монгол бичгээр дагнан гаргадаг цорын ганц хэвлэл “Хүмүүн
бичиг” сониноо өргөн дэлгэр захиалуулах талаар анхаарч ажиллая аа хэмээн
тэрбээр бичиг эрдмийн буян амласан юм. Цаг хугацааны шалгуур саяхь даргын үг
биелэх эсэхийг харуулах нь дамжиггүй.
Алтайн уулсын цагаан өрх
Ховд нутагт анх болон ахин дахин очиж буй хүмүүсийн алинд нь ч, өчүүхэн төдий доргио нугачаагүй, алсыг чиглэн чилийх тэнэгэр замыг алжааж аяншихын зовлонгүй туулахын ялдар, нэгэн цаст сүрлэг уулыг нүднээ үзэж, сэтгэлээ бадраах ховор сайхан завшаан заавал тохиодог. Тэр нь алдарт Сутай хайрхан уул ажээ. Сутай уулын ноёлох ян оргил 4090 метр гэдэг.
Төрийн тахилгат Сутай хайрхан Ховд аймгийн Мөст сумаас
Говь-Алтай, Ховд аймгийн дөрвөн сумын
нутгийн уулсаас цээж өндөр, хаш цагаан өрх мэт өртөө алсаас бараална. Мөлүү дугуй
оройтой, түүндээ мөнх цас титэмлэн бүхүй энэ оргилын дүр нь өргөө гэрийн өрх тооно
мэт төсөөлөгдөнө. Алтайн Тонхил, Дарви, Ховдын Дарви, Цэцэг сумдын нутгийг
хамран ханхайж байдаг байх юм. Алтай хотоос баруун хойш гарч Хантайширын нурууг
нэвтлэн доош огцомхон буумагц, Хүйс, Шаргын говийг туулах засмалаар замнасан
хүн Говь-Алтай аймгийн төв үнэхээр газрын өндөрт, ноёлох уулсын цээжин тушаа
байрласныг сая мэдэрнэм. Их зам элдсээр Ховдын Дарви сум, цаашлаад Зэрэг,
түүнээсээ Манхан сумын нутгаар жирийлгэнэ. Шууд явбал төдхөнөө Ховдын төв
хүрнэ. Энэ үед баруунтаа намрын эхний нимгэн хөнгөн цасыг тэргүүндээ
гялбалзуулсан ханагар их нуруу мянган бээрээр хэмжигдэх хурдны их замаас
дутахгүй гэсэн мэт биднийг байнга дагаастай. Энэ бол алдарт Баатар хайрхны
нуруу юм. Ноён оргил нь 3966 метр Цаст богд уул ажээ. Бид Мөст сум орохын тулд
энэ сунагар урт нурууг шувтартал яваад Манхан сумаас зүүн гар тийш эргэж баатар
уулын баруун өвөр лүү нь тонгойх ёстой. Зүүн талд, Дарви сумын умард этгээдэд цас
мөсгүй ч өндрөөрөө Баатар хайрхнаас дутахгүй нэг ноёлог оргил зэрэгцэн хэсэг явж
байгаад аажмаар сууж хоцорно. Энэ нь Бумбат хайрхан хэмээх тунсаг алдар
гуншинтай ханхар хөх уул. Бумбат хайрхны өвөр, их замын зүүн талаар байгалийн
үзэмж байдал гол устай, ширэг зүлэг, мод бургастай хэсэг сайхан болж ирэх
хийгээд Бумбат хайрхны хойд бие нэлээд намсаж ирснээ дүнжгэр том нуруу болон дахин
өндөр авч хангилсана. Энэ хэсэг бол хүчтэн цуутны өлгий, “Хөөмий эгшиглэсэн
Чандмань” нутгийн шүтээн Жаргалант хайрхан ажгуу.
Бид Мөст сумаас Хөшөөтийн уурхай зүглэхийн тулд замдаа Цэцэг сумаар дайрах болов. Замын талаас өнгөрч явтал тэрэгний халаагуур дээд ирмэг хэсгээрээ ханзарч шингэнээ тургиж аян саатууллаа. Ус сэлбэж аажуухан явсаар сумын төвд ирлээ. Хөшөөтийн уурхайд хүнд даацын тэрэг барьдаг, Мянгад сумын уугуул, энэ сумын хүргэн Жаргал хэмээх жолооч залуу Галсаа даргын чиглүүлгээр бидний унаа тэрэгний халаагуурын ханзарсан хэсгийг “АВ” цавуугаар “гагнаж”, холын аян туулах, хот ортол санаа үл зовнин, зорьсноо бүтээх хэмжээнд сэлбэж өгснийг талархан дурдахгүй байхын арга алга. Тэрбээр холын замд яваа хүмүүс гээд ажлын хөлс мөнгө ч авахаас татгалзаж байлаа. Мөн гэртээ урьж, халуун унд хоолоор дайлсныг нь хэлбэл “идсэн ууснаа” дурдсан муугийн тоонд арай орохгүй байгаа. Уурхайн зам засвартай тул Жаргал жолооч хоёр гурван хоног тээвэрт явахгүй амарч байхад нь бид ирж таарчээ. Тэдний гадаа ирэхэд алтайн хөх салхи оволзож байсан бол Жаргалыг машин засаад дуусахын алдад Цэцэг сум, Ард Аюушийн тоонот юунд ч юм налгар тогтуун болчхов. Цэцэгт анх хүрэхдээ эхэлж уулзсан хүмүүс Жаргал гэдэг бэлгэшээл сайхан нэртэй, өгөөмөр тусч залуу, тэдний өрх бүлийнхэн болов. Хүмүүний нүнжигт чанараараа Жаргал жолооч бээр Цэцэг сумаа төдийгүй Мянгад сумаа ч бидэнд эерэгээр төсөөлүүлж үлдээсэн дээ.
Цэцэг нуур, цаад талд Мянган угалзатын нуруу. Ховд аймаг, Цэцэг сум
Хөшөөтийн уурхай. Баатар хайрхны цаст оргил
Цэцэг сумаас бид уурхайн засмал замд нийлэн зүүн тийш аажмаар Баатар хайрхан өөд өгсөж Хөшөөтийн уурхайг зүглэв. Хойд талд Цэцэг нуур хулс зэгсэн дундаас мараатан цайлалзаж харагдана. Баруун талд алдарт Мянган угалзатын нуруу атираатан ханарч байдаг. Баатар сүрлэг уулсын дунд тогтсон энэ, ийм л нутгаас Ард Аюуш зэргийн баатрууд, түүхэн хүмүүс төрдөг байх нь. Уурхайн салбар салаа, хүнд даацын тэрэгнүүдийн зогсоол, ажилчдын тосгон гээд Баатар хайрхныхаа өвөр бэлээс эхлүүлэн энд тэндгүй л хөглийж байна. Өдөр бүр гурван зуу шахам том тэргээр зөөж дундалсаар буй Хөшөөтийн баялаг уурхай Баатар хайрхны нурууны ар оройд шахам байрлалтай байна. Өмнөд хөршийн хөрөнгө оруулагчид энэ уурхайг ашиглаж, баялаг нөөцөөс нь зөөж хил гаргасаар арав илүү жилийн нүүр үзжээ. Уурхай өнгөрөөд их уулын ар луу уруудсан сайраар машин замын дагуу сайн муу хоёр гол урсаж байх. Сайн гол нь байгалийн цэвэр тунгалаг сайхнаар жирэлзэх бол хажуугаар түргэнээ харжигнах нөгөө голын ус нь ус гэхэд халаглалтай, нүүрс угаасан мэт хар бараан байлаа. Нүүрсний уурхайгаас юу л угааж урсгаад энэ сайхан хөндий рүү нийлүүлээд байна даа... гэмээр.
Ангийн андынхаа гэрт
Энэ өдрөө бид тувт, алсхан аян туулж Говь-Алтай аймгийн Баян-Уул сумнаа үдшийн бүрийтэй уралдан хүрэв. Багш хүнд, хаана л явбал заавал шавь нар нь тааралдаж байдаг гэдэг сэн. Харин энэ суманд оюутан цагийн ангийн анд маань байран суурин сууж байдаг бүлгээ. Түүний алдрыг Дүгэрийн Ганхуяг хэмээнэ. Хуягаа маань зэргэлдээ Жаргалан сумаас хань ижлээ буулгаж, мэргэжил нэгтэн хоёр багш хорь илүү жил хөдөөгийн энэ буйд сууриндаа ажил амьдралаа төвхнүүлж, ард түмний үр хүүхдийг оюун эрдмийн замд хөтөчлөн багшилсаар өдий хүрсэн юм. Эдний хүүхдүүд том болж, үүрээ орхин ниссэн дэгдээхэй лүгээ адил орон хот, бүр харь гадаадад ном үзэхээр одоод, аав ээж хоёр нь гэртээ үлдэж, ардын багшийнхаа ажлыг залгуулсаар авай.
Суманд нь, түүний дотор гэрт нь анх удаа, гэнэтхэн зочлон ирж ангийн андаа нэг түргэн авахуулсан ч угийн налгар дөлгөөн тэрбээр үдшээс өглөө эртийн хооронд бага цагт боловч чамгүй хуучлан, их сургуулийн оюутан аху цагийнхаа үүх түүхийг сэргээж хүүрнэн, нэгэн өдрийн давтагдмал хэвшил нь ердийн бусаар өнгөрсөнд итгэнэ.
Дүйцэх ижилгүй элсэн уулсын оройд
Өглөө найм аравт Баян-Уул сумаас Эрээн нуурыг чиглэн гарсан бид арван цаг болж байхад мөн сумын Баянбогд багийн малчин Энхбаатар гуайнд, зам заалгах шалтгаанаар дөрөө хангинуулав. Хавчигийн ам гэдэг газар ажээ. Тэртээ өмнөтээ цасан тэргүүнтэй гялбалзах Хасагт хайрхны нурууны хойд үргэлжлэл болсон нурууг нэлээд бэдэрч туулан, одоо ар бэл рүү нь бууж, цэлийсэн талын эхэнд ирсэн нь энэ. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр машины дуунаар гарч нохой хорих бөгөөд гэртээ орохыг урилаа. Бид яаруу яваа тул баярласнаа хэлээд гадаа нь хэдэн үг солив. Эдний хотонд хар, улаан зүсмийн голдуу ямаа мал налайх нь бод мэт сүрлэг байна. Айлын эзэгтэй, гэрт орохгүй байгаа бидэнд цаасан хайрцагт хатааж бүхүй ааруулаа тэр чигт нь барьж ирээд идээ амсуулнам.
Хасагт хайрхны нуруу. Баян-Уул сумын нутаг Хавчигийн амны бэлээс
Тэндээс зүүн зүгт дөч шахам км давхиад, эртний Египетийн шовх лугаа адил гурван дүнжгэр элсэн уулын хаяанд дөтөлж ирлээ. Хойд талд, түрүүн Энхбаатар абугайн хэлсэн ёсоор Дөрөө нуур цайрч харагдана. Урд хөвөөгөөр нь хэжээд шууд Эрээн нуурыг зүглэв. Хамгийн зүүн талын өндөр манхны өвөрт зуны хэдэн модон байшинтай бичилхэн жуулчны бааз маягийн айл хотонд хүрээд Эрээн нуур яг хаана байгааг заалгав. Тэндээс буцаж баруун тийш эргэн, дунд талын өндөр элсэн уулын урд чигт, бэлээс нь хагас км орчмын зайд унаагаа үлдээгээд хойшоо алхацгаалаа. Үүнийг бичигч гурван том манхны дундах өндрийг сонгон, түүн өөд алхаж гарахаар шийдэн, манхны орой зүглэсэн элсэн нурууны орой барин ганцаар мацаж эхлэв. Элсэн уулын өврөөс орой өөд нь эгц мацан зүтгэлэх тийм ч хялбар биш ажээ. Хуурай элсэнд хөл шигдэж нураад, татаж авахад амаргүй. Манхны орой ойртох тусам улам эгц болох ажээ. Дээдхэн этгээдэд нь намар дундын тал саран хөх тэнгэрт асан дүгрэглэжээ. Элсэн нурууны оройд нэлээд дөхөж байтал баруун хойно, хөв хөх өнгөтэй дугуй ус тунан цухуйж байна. Мачийсаар элсэн хайрхны оройд нь гишгэлээ. Зүүн хойдхон талд аягатай рашаан мэт багахан хөх нуур намхан элсэн аараг дунд цэлийн байна.
Дөрөө нуур
Эрээн нуур орчмын байгаль
Үүнийг
бичигчийн хувьд, Эрээн нуур үзэсгэлэнтэй, элсэн дундах хөх арал, ангаж цангасан
аян холын хүмүүст завьяалж барьсан унд ус мэт сайхан л байна. Гэхдээ Эрээн
нуураасаа илүүтэй, алхаж гарсан голын өндөр элсэн оргил, түүний зүүнтээх мөн
тийм дугуй, дуут манхан, тэртээ баруунд байгаа гурав дахь манхан, тэдгээрийн ай
сав дахь байгаль дэлхийн бүтэц урлал нь гойд сонин сайхан санагдлаа. Миний сонгож
гарсан элсэн уулын ноён оргил баруун талдаа нэлээд зайдуу хийгээд уран мандал
мэт гоёмсог хэлбэртэй харагдаж байна. Манхны өвөр тал наранд халж, элс нь хуурай
болтлоо хатсан бол ар талдаа бага зэрэг чийгтэй болох нь гишгих тоолонгоор хагарч
ярагдан мэдрэгдэх нь ойрмогхон эл элсэн онгон тэнгист хур бороо орсны гэрч юм.
Жин үд болж, морин цаг дүүрч байх бөгөөд элсэн оргил дээр анир чимээний оргүй.
Хойд нуурын мандалд хэдэн цагаан шувуу хөвөх хийгээд урд хөвөөнд нь цөөхөн адуу
идээшилж харагдана. Манхны оройн хурц ирмэгийн хоёр талд хөлөө зөөж тавин,
өнөөх уран мандал буюу ноён оргил руу зүглэж яваад нэг амсхийвэл, ширхэг ч
чулууны үртэсгүй, уран торгон, уян зөөлхөн, алтан шаргал элс ар хажуу руугаа
аажмаар үе үехэн урсаж, байгалийн энэ үзэсгэлэнт тогтоц байнгын хөдөлгөөнтэй,
цаг хором бүрд хувьсан ондоошиж байдгаа амжиж харуулах гэсэн мэт. Элсэн уулын
ноён оргил дээр хэсэг амраад, Эрээн нуурын эрэгт хүрч үзэхээр шууд ар бэл рүү нь
элс яран, тод мөрөөрөө тэр сайхан уран уулыг өмтлөн буухаас ондоо арга байсангүй.
Нуурын
урд эрэгт дөхөж явах зуур өндөр манхдын арын байгаль, элсэн хунх, гүдгэр хонхор,
нуруу хотсууд, өвс ургамал, суль хялгана, хиаг цахилдаг зэрэг ургамлууд нь өнгө
гэрлийн гоо уран хослол, үгээр өгүүлшгүй үзэсгэлэн чаминг урлан байх агаад
гэрэл зурагт, яаруу боловч бололцооны хэрээр буулгаж аваад нуур луу дөтлөв. Нуурын
өмнөд эрэг хэсэг газраа намаг гэхэд намаг биш, шал гэхэд бас дэндүү бамбалзуур
зөөлхөн, зүйрлэж хэлбэл, зузаахан бялууны дээд өнгөн давхаргаар өмлөн цөмлөн
явах мэт хөл шигдэн ус рашаан руугаа ойртуулсангүй ээ. Мөн нуурын урд эргээр
битүү зэгс хавж ургасан байв.
Эрээн
нуур орчимд нийт гурван жижигхэн нууртай ажээ. Эхнийх нь, түрүүн бид замдаа
харсан Дөрөө нуур тэртээ баруун урд цайвалзана. Бас нэг жижиг нуурыг Ажиг гэж
нэрлэх бөгөөд бараг бидний түрүүхэн орой дээр нь сууж асан энэ дунд манхны
баруун урд өвөрт байсан ажээ. Учир нь, Ажиг нуурын дүрс бидний агаараас болон
элсэн манхны оройгоос авсан гэрэл зурагт энэ удаа лав өртөж буусан зүйлгүй.
Өөрөөр хэлбэл, Ажиг нуур маань сураг ажиггүй алга болжээ. Харин энд Ажиг нуур
байдаг гэдгийг бид орой нь Жаргалан суманд хүрээд, сумынхаа төв талбайд зуун
жилийнхээ түүхэн ойгоор босгосон зурагт самбараас нь сая ажиглаж мэдээд, энэ
нуур хаана байгаад бид олж харсангүй вэ гэж гайхахад хүрсэн юм. Ажиг нуур энэ
хэр шингэж ширгээд алга болсон цаг үе нь таарчээ.
Говийн хүмүүс говийн нуурынхаа ая занг гадарладаг. Говь нутагт тогтсон нуур ус нэг үе тасарч алга болох, өнтэй жил цутгал нэмлэгийнхээ нөлөөгөөр эргэж дүүрэх нь хэвшил болсон үзэгдэл гэхэд хилс бага. Баянхонгорын Орог нуурын жишээгээр үүнийг нотолж болох. Ажиг нуур ширгэсэн тухай, Эрээн нуур ч багассан, эрэг хөвөө нь хэзээ ч байгаагүй зэгс намагтай болсон тухай Жаргалан сумын иргэд сулхан дуугаар өгүүлцгээж байсан.
Газрын хаанаас ч бараатай Хасагт өндөр
Ховдын өмнөд сумдаар явахуйд Сутай хайрхан газрын хаанаас ч тэргүүнээ өргөн мэндчилж байдаг ахул Алтай нутагт ирэхэд бас нэгэн цаст сүрлэг нуруу хаана явавч салахгүй “дагана”. Тэр бол суу алдарт, дархан цаазат Хасагт хайрхан бүлгээ. Алтай хот руу дөтлөх үес энэ уул тэртээ зүүн умардад цасан малгай духдуулсхийн өдрийн наранд гялайн цайвартаж үзэгдэнэ. Бид Баян-Уул суманд хоноглоод зүүн зүг довтолгон Хантайширын нурууг хөндлөн гаталж Эрээн нуурыг зорих цагт энэ хайрхан араасаа харагдаж, өдрийн наран туулах замд хөндөлсөн хөхөртөж байх хийгээд Эрээн нуур, түүнээс Жаргалан сум, тэндээс зүүн өмнөх Тайшир сум орон ортол, мөн түүнээс эргэж Алтай хотод хүрэн хүртэл Хасагт хайрхан бараа сүрээ үзүүлэн ханхайх нь ямар зэргийн өндөр, хэр хэмжээний урт, өөртэй нь ижилсэх өөр уулгүй өргөн нуруу болохоо мэдрүүлэх мэт.
Эрээн
нуураас Жаргалан суманд ирж хоноглов. Өнөө жил зуу гаруй сум зуун жилийн түүхэн
ойгоо тэмдэглэсний нэг нь энэ сумынхан ажээ. Сумын төв нь аймгаасаа зуу нэлээд
илүү км хол, тиймээс хөл хөдөлгөөн бага, эмхтэй цомхон гэмээр юм. Сумын баруун
урд талд Хасагт хайрхан уул тэргүүндээ цастай, дунд биеэрээ ногоон модтой
тарлантан дүнхийх бол баруун хойд талд Жаргалант хайрхан хар хөх өнгөөр бараантаж,
тэртээ зүүн хойно домогт Бүрэн хайрхан суваргалан сүмбэрлэх нь сод сондгой
харагддаг.
Сумын музейг сонирхож үзлээ. Жаргалан сум бол дархан аварга Шаравын Батсуурийн төрсөн тоонот нутаг билээ. 2022 онд, аваргын мэндэлсний 100 жилийн ойгоор Ш.Батсуурь аваргын танхимыг тусгайлан байгуулжээ. Мөн олон жилийн өмнө хөдөөлүүлсэн аваргын бие цогцоос дээжлэн авчирч эл нутаг усанд нь оршоох зан үйлийг хийсэн тухай сонсдлоо. Энэ цагийн хүчит аварга О.Хангайн гэрэл зургийг бас гэр музейн хоймрын хананд, арай доорхон залсан байна. О.Хангай аваргын ээж нь Жаргалан сумын уугуул гэнэм. Жаргалан сумынхан төв талбайдаа дархан аварга Ш.Батсуурийн алгуурхан дэвж бүхүй дүртэй хүрэл хөшөөг бүтээн цогцлоосон хийгээд төвийн гол гудамжаа ч мөн энэ хүнийхээ нэрээр алдаршуулан хаягласан байлаа.
Сумын музейн нэг хананд, энэ нутгаас төрсөн алдар гавьяатнуудын хөрөг зураг олноор эгнэн байна. Тэдгээрийн дотор, “Эрээн нуур” хэмээх, энэ нутгийн сүлд шүншиг төдийгүй дуунд дуртай монгол түмний сайн мэдэх, дуулах дуртай бүтээлийг туурвисан, авьяас билигт хөгжмийн зохиолч, найраг баян хуурч Гончигийн Тэрбиш, шүлгийг нь дархалсан, зохиолч, яруу найрагч Дагшинжавын Лхагвасүрэн нарын гавьяатуудын хөрөг зураг хүндтэй байр эзлэн залагдсан нь зүй ёсны хэрэг биз. Сумын соёлын төв нь Г.Тэрбиш гавьяатын нэрэмжит ажээ. Байгалийн үл давтагдах гоо үзэмж, үзэсгэлэнт, гайхамшигт бүхэн гойд эзнээ дагуулдаг, эрдэнэ мэт авьяас эрдэмтэйгээр төрүүлэн авчирдаг жамтай буюу. Чухам тийм эзэд нь Эрээн нуурын ай саваас төрж, Жаргалан нутгаа мандуулан суу алдраа дуурсгаж байх эдгээр хүмүүс билээ.
Завхан голоос адислав
Жаргалан сумаас өглөө 09.45 цагт гарч Тайшир сумыг зүглэлээ. Жар шахам бээр туулж хүрэх энэ зам бартаа нугачаа ихтэй. Өчигдөрхөн бид, үүсгэсэн Эрээн нуурыг нь үзэж бахадсан Завхан гол Тайшир явахад зүүн өмнөөс тосоод ирж байнам. Бид баруун эргийг нь барьж аажуу зугуухан урагшилна. Барагцаагаар дөч орчим км яваад 11.15 цагт Завхан голын уснаас анх удаа магнайдаа хүргэхээр бууж адислав. Их Очирваань хайрхны өвөр бэлээс эх авсан Завхан гол үүгээр баруун хойш урсаж, их монгол элсний хормойд хүрэхдээ Эрээн нуур, Ажиг нуур, Дөрөө нуурыг Алтай сайхан нутагт үүтгэж бэлэглээд, хойш чиглэн улаа юугаа нэхсээр Увсын нутагт хүрдэг гэдэг билээ.
Нуух юмтай байх сайхаан
Жаргалантаас гараад аймгийн төв орох замын зуур Хүнхэрийн амралт хэмээх Алтай нутгийн төдийгүй бүх монголын ижилгүй үзэсгэлэнт газрыг үзэж бахдаад буцахын оронд Тайширыг зорьдог нь монголынхоо хамгийн залуу Гэгээн нуурт хүрч, гэрэл зурагт дүрсийг нь буулгах, усан цахилгаан станц хэмээх монголчуудын төдийлөн нүдээр үзэж, биеэр мэдрээгүй гайхалтай бүтээн байгуулалтыг сонирхож, дүрс бичлэг хийхэд чиглэж байсан. Дөрвөн цагийн дараа зорьсон сумандаа хүрэв. Тайшир сум гадна талаасаа нэлээд хуучных гэдэг нь мэдэгдэх бөгөөд улирсан зууны эхний хагаст хамаарах болов уу гэмээр байшин барилгуудын ихэнх нь нурж халцарсан, балгас болохдоо ойртсон нь ч харагдана. Сумын төвөөс газар заалгахад, гүүрээр гарч арваад км яваад Гэгээн нуурт хүрнэ гэв. Гүүр гатлаад усан цахилгаан станц явдаг зам маш зүдэргээтэй, бараг л зам биш там, цам гэхэд болохоор ажээ. Завхан голын зүүн эрэгт Шилүүстэй, Отгон сумдад хүрэх замын чигийг заасан мэдээлэх самбар харагдсан нь Завхан нутаг хаяанд байгааг гэрчилнэ. Мөн Нарванчин хутагтын хийдийн туурь орох замын чиглэлийг ч эндээс харж болно.
Гэгээн нуур. Говь-Алтай аймаг. Тайшир сум. Завхан голын сав газар
Богино гэлтгүй зүдэргээтэй шороон зам дуусаж, улаан боржин хадан уулсын умард хөтөл дээр барьсан хамгаалалтын хашаа тор, цэргийн ангийн харуулын цэгт тулж ирэв. Цаахна нь, хиймэл гэхэд итгэж үл болом том нуур анир гүмхэн цэлийнэ. Дотоодын цэргийн 825 дугаар тусгай салбарын алба хаагчид Тайширын усан цахилгаан станцыг байнгын нөхцөлөөр харж хамгаалж байдаг ажээ. Бичиг баримт бүртгэж, цөөн буурай мөнгө хураамж авсны дараа биднийг дотогш нэвтрүүлж, хиймэл нуурын хөвөө, цахилгаан станцын хонгилын босгонд аваачсан цэрэг залуу эндээс дотогшоо зураг дарах, бичлэг хийх хориотой хэмээн гайхшруулав. Үүний чухам учрыг тэрбээр нарийн мэдэхгүй гэх бөгөөд аль нэгэн газраас зохих ёсны зөвшөөрөл авах хэрэгтэй байх гэнэ. Уртаараа 300 гаруй метр гэж түүний хэлсэн, сэрүүхэн, уул нүхэлсэн хонгилоор алхлан гаталж, цахилгаан станцын далангийн гүүрэн дээр зөвхөн зүүн тийш, нуур зүгт харж зогсонгоо хэдэн зураг дарах, өөрсдийнхөө зургийг ээлжлэн буулгах боломж л олгов. Нуурыг сурвалжлах, зураг дүрс авахад харин хамаагүй гэж байлаа. Эндхийн усан цахилгаан станц одоохондоо улсдаа ганцхан. Тиймээс энэ том бүтээн байгуулалтыг сонирхох, гэрэл зураг, дүрс бичлэгээр гар утсандаа харчих гэсэн уншигч, хэрэглэгчдийнхээ эрэлтийг энэ удаад хангаж эс чадлаа. Төрийнхөө хууль тогтоомжийг хүндэтгэн дагахаас өөр яалтай. Нуух, хамгаалах юмтай байна гэдэг сайнаас сайн ололт юм.
Алтайн дарга нартай уулзсанаар
албан ажлаа өндөрлөв
Тайшираас дөчин таван бээр газрыг дахиад л шороон замаар энхэл донхолтой туулж, Улаанбаатараас Алтай хотод хүрдэг засмал замд эргээд нийллээ. “Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар” хэмээн үндэсний бичгээр тод томруун бичсэн, “Засагт ханы гал голомт” хэмээн титэмлэн тодолсон хаяг таниулгатай аймгийн төр засгийн ордны “207 а” тоотод Засаг дарга Г.Чинбаттай уулзахаар дарааллаа хүлээж, зөвшөөрөл авч оров. Аз болоход аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, Засаг даргын орлогч Ш.Насан нар Г.Чинбат даргын албан өрөөнд хамтдаа байж таарсан. Гурван дарга гурвуул монгол бичгийн талаарх төр засгийн бодлого, “Хүмүүн бичиг” сониныг хэрэглээний гол орчин болгож аймаг нийтээрээ, ялангуяа төрийн албад өргөн дэлгэр захиалах бодлогыг дэмжихээ илэрхийлж, бидний ажилд амжилт ерөөж үлдэв. Буцах цаг болсон, бусдын хувь унааны эрхэнд давчидсан би ийнхүү аймгийн дарга нартай амжиж уулзсанаар албан томилолтоо өндөрлөлөө.
“Үндэсний
монгол бичгээ 2025 оноос төрийн албанд хослуулан хэрэглэхэд бэлэн байна аа,
бид” гэж хоёр удаагийн албан судалгаагаар өөрсдийгөө итгэлтэйгээр илэрхийлж
харуулсан, энэ үзүүлэлтээр бүх аймгийн дундаа тэргүүлсэн газар бол Говь-Алтай
аймгийнхан билээ. Үүнд нь бид уулсын өндөр Алтай нутгийн зон олонд чин
сэтгэлээсээ талархаж явдаг. Түүнээ гурван том даргад нь бас дуулгаад гарахаа мартаагүй.
УБ-Баянхонгор-Алтай-Мөст-УБ.
2024 дүгээр он, 9 дүгээр сар