ӨМНӨГОВЬ: Тусгай хэрэгцээт иргэдэд чиглэсэн цогц үйлчилгээний төвийг ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөр ахмад настан, хүүхэд болон тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан “Жаргалан” төвийг барьж байгаа юм.
Тус төвийн барилгын ажил 90 хувьтай хийгдэж байгаа бөгөөд 2024 оны 11 дүгээр сард ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ. Барилгын үйл ажиллагаатай Өмнөговь аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэнгээр ахлуулсан ажлын баг, ахмад болон тусгай хэрэгцээт иргэдийн төлөөлөл танилцаж санал бодлоо илэрхийллээ.
Жаргалан
төвийн барилга нь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон
улсын стандарт, шаардлагад нийцсэн, тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг
төрийн болон, төрийн бус байгууллагуудын цогц үйлчилгээг нэг дороос цаг алдалгүй
авах боломжоор хангагдаж байгаа юм.
Азийн
хөгжлийн банкны санхүүжилтээр 6 аймагт барьсан уг төвийг Өмнөговь аймаг
“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэн, бүтээн
байгуулснаараа онцлогтой.
Бусад
аймагт барьж байгаа төвүүдээс ялгаатай нь B1 давхартаа тусгай хэрэгцээт иргэд, хүүхэд,
ахмадад зориулсан усан эмчилгээ, бассейн зэргийг шийдвэрлэжээ. Мөн тус төвийн
дэргэд барьж байгаа уламжлалын сэргээн засах эмнэлгийг 2024 онд багтаан ашиглалтад
хүлээн авах юм.
Өмнөговь аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 2197 иргэн байдгаас 353 нь хүүхэд, үүнээс Даланзадгад суманд 150 хүүхэд бүртгэлтэй байдаг.