Малын өвөлжөө, хашаа, саравч барих стандартын төсөл боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-16 15:39:05

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс хамгаалах, гамшгийн эрсдэлийг хохирол бага даван туулах, малчны эрсдэл даах чадавхыг сайжруулах “Малын өвөлжөө, хашаа, саравч барих стандарт”-ын төсөл боловсруулж, хууль тогтоомж, салбарын бодлого, чиглэлд нийцүүлэн батлуулахыг зорьж байна.


Монголд төдийгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө ихсэж, цөлжилт, усны хомсдол, хур тунадасны хэмжээ өөрчлөгдөх, цаг агаарын эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдэж, үүний нөлөөгөөр бий болсон гамшиг, эрсдэлд тэсэж үлдэх, хариу арга хэмжээ авах чадвар нь хязгаарлагдмал байгаагийн улмаас хүн ам, тэр дундаа малчид хохирол их амсаж болзошгүйг ХХААХҮЯ мэдээлжээ.


Иймд УИХ-аас баталсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөг багасгах тухай хуульд малын өвөлжөө, хашаа, саравч барих, ашиглах, бүс нутгийн онцлогт тохирсон стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтийг хянахыг заасан байдаг аж.

Холбоотой мэдээ