Шүүгчдийг доромжилсон Италийн усны полочдын эрхийг хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-10-19 15:14:45

МОСКВА, 2024 оны аравдугаар сарын 19./ТАСС/. Италийн усны пологийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тэмцээнд оролцох эрхийг зургаан сараар хасах тухай шийдвэрийг Усан спортын тамирчдын эрхийг хамгаалах байгууллага /AQIU/ гаргажээ.


Мөн тус багийг 100 мянган доллароор торгосон байна.


Эрх хассан хугацаа ирэх оны дөрөвдүгээр сард дуусах тул Италийн шигшээ баг Сербийн Нови Сад хотноо 2025 оны нэгдүгээр сарын 6-11-нд болох Дэлхийн цомын урьдчилан шалгаруулах тэмцээнд оролцох боломжгүй. Тус баг хамгийн сүүлд болсон 2023 оны Дэлхийн цомын тэмцээнээс мөнгө медаль хүртсэн ажээ.


Болсон явдлын тухайд, энэ зуны Парисын Олимпын 1/8-ийн шигшээ тоглолтод Италийн баг Унгарын шигшээд хожигдсон байна. Тоглолтын явцад шүүгчид дүрс бичлэгийг нягтлан үзээд италичуудын оруулсан гоолыг хүчингүйд тооцжээ. Тоглолтын дараа спортын ордны автомашины зогсоол дээр байсан шүүгчид болон тэмцээнийг зохион байгуулагчдыг Италийн багийнхан үг хэлээр доромжилсон байна. Мөн дараа өдөр нь 5-8 байруудын төлөөх Итали-Испанийн багуудын тоглолтын өмнө төрийн дуулал эгшиглэх үеэр Италийн полочид шүүгчид рүү нуруугаа харуулан зогсож, үл хүндэтгэсэн байдлыг илэрхийлжээ.


Эрх хассан хугацаа ирэх оны дөрөвдүгээр сард дуусах тул Италийн усны пологийн шигшээ баг 2025 оны 7 дугаар сарын 11-нээс 8 дугаар сарын 3-нд Сингапурт болох усан спортын төрлүүдийн ДАШТ-нд оролцох боломжтой. Тэмцээний хөтөлбөрт усанд сэлэлт, усанд үсрэлт, задгай талбайн сэлэлт, уран сайхны буюу синхрон сэлэлт, усан поло, хай-дайвингийн төрлүүд багтжээ. 

Холбоотой мэдээ