ӨМНӨГОВЬ: Тогооч нар хөдөлмөр хөнгөвчилсөн тоног төхөөрөмжөөр хангахыг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-10-21 20:05:27

Даланзадгад, 2024 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн  боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэлийн ажилтнуудын сургалт, хэлэлцүүлгийг аравдугаар сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Дэлхийн тогооч нарын баярыг угтан боловсролын байгууллагын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

Тус үйл ажиллагаанд 32 цэцэрлэг, 22 сургууль, 1 политехникийн коллежийн хоол үйлдвэрлэлийн багш болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 210 ажилтан оролцлоо.

 

Мөн үйл ажиллагааны үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцохоор хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үзэсгэлэнг дэлгэлээ.

 

Тогооч нарын хувьд тулгамдаж байгаа асуудал нь олон цагаар ажилладаг тул ажлын байранд хэрэглэх хөдөлмөр хөнгөвчилсөн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж өгөхийг хүслээ. Тэдний хувьд хүүхдүүдэд шим тэжээлтэй, чанар стандартад нийцсэн шинэ хоол хүнсээр хангахын тулд 5:00 цагаас ажлаа эхлүүлдэг. Оройтож харьдаг тул ар гэртээ зарцуулах цаг хугацаа хомс байдаг талаараа ярилаа.

 

Өмнөговь аймгийн хувьд “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд 1-7 дугаар ангийн сурагчдыг үдийн хоол хөтөлбөрт хамруулж, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 100 хувь нэмэгдүүлэн ажиллаж байгаа билээ.

Холбоотой мэдээ