Лалын шашны номлогч Фетхулла Гюлен таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-10-22 14:18:44

ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 22 /BBC/. Лалын шашны номлогч Фетхулла Гюлен АНУ-д таалал төгсжээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган түүнийг 2016 онд төрийн эргэлт хийхийг оролдсон хэрэгт буруутгасан юм.  


Ф.Гюлены дагалдагчдын “Herkul” цахим хуудсанд мэдээлснээр, номлогч 10 дугаар сарын 20-нд 83 насандаа эмнэлэгт нас баржээ. Туркт “Хизмет” гэж нэрлэдэг түүний хөдөлгөөн нь хүлцэнгүй лалын шашныг сурталчилж, боловсрол, чөлөөт зах зээл, янз бүрийн шашин хоорондын хамтын ажиллагааг чухалчилдаг ажээ. 


Туркт төдийгүй олон оронд дунд сургуулиуд байгуулж, удирдаж байсан нь “Хизмет”-ийн үйл ажиллагааны хамгийн тод хэлбэр юм.


Түүний хөдөлгөөн эхлээд дунд сургуулиудыг удирдаж, дараа нь Турк төдийгүй дэлхий даяар нээж эхэлжээ. Хөдөлгөөн өргөжихийн хэрээр түүний дагалдагчид бизнес эрхэлж, Засгийн газар, армид ажилд орж эхлэв.


Ф.Гюлен Туркт нөлөөгөөрөө Р.Эрдоганы дараа орох хоёр дахь хүн гэж тооцогддог байв. Тэд анд нөхөд, хамтран зүтгэгчид гэгдэж явсан үе бий. Гэвч тэдний зам салсан юм. 2013 онд Эрдоганы ойрын хүрээний хэд хэдэн албан тушаалтан авлигын хэрэгт буруутгагдаж байсан бөгөөд тэднийг “Хизмет” хөдөлгөөний цагдаа, прокурорууд буруутгасан гэж олон хүн үздэг.


Туркийн Ерөнхийлөгч тус хөдөлгөөний эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, олон зуун дунд сургуулийг нь хааж, “төр доторх төр” гэж нэрлэсэн гюленистчүүдээс засгийн газрыг ангижруулахаа амлаж байлаа.


2014 онд Туркийн эрх баригчид “Хизмет” хөдөлгөөнийг террорист байгууллагуудын жагсаалтад, харин Ф.Гюлены эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад оруулжээ. 


Энэ үед Ф.Гюлен АНУ-д амьдарч байв. Тэрбээр 1999 онд эмчлүүлэхээр АНУ-д очсон бөгөөд Турк руу дахин хэзээ ч эргэж ирээгүй юм. 


Р.Эрдоан, Ф.Гюлен нарын зөрчил хурцадсаар эцэстээ 2016 оны 7 дугаар сард гарсан төрийн эргэлт хийх оролдлогоор дээд цэгтээ хүрчээ. Туркийн зэвсэгт хүчний дээд тушаалын зарим офицер РЭрдоганыг түлхэн унагахыг оролдсон бөгөөд тэдний зорилго бол ардчиллыг Туркийн авторитар ерөнхийлөгчөөс хамгаалах явдал гэж мэдэгдэж байв. 


Гэвч цэргийн эргэлтийг иргэд ч, цэргүүд ч дэмжээгүй тул тэд бууж өгөхөөс аргагүй хүрчээ. Туркийн Засгийн газар болон Р.Эрдоган төрийн эргэлт хийх оролдлогыг удирдан зохион байгуулсан Ф.Гюленыг буруутгасан боловч тэрбээр төрийн эргэлтийг буруушааж, өөрийг нь буруутгасныг няцаасан юм. 


Төрийн эргэлт хийх оролдлогын дараа Туркт цэргийн дээд удирдлагууд, төрийн албан хаагчдыг оруулаад олон мянган хүнийг баривчилжээ. 


Үүний дараа Гюлений дэмжигчид мөрдлөг хавчлагад өртөж, 150 мянга гаруй хүнийг (багш, цагдаа, сэтгүүлчдийг оролцуулаад) ажлаас нь халж, огцруулж, 77 мянга гаруй хүнийг баривчилжээ. Ф.Гюлентэй холбоотой компаниуд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төрийн хяналтад орсон эсвэл үйл ажиллагаагаа зогсоосон байна.


Ф.Гюлен 1941 онд Эрзурум мужийн нэгэн тосгонд имамын гэр бүлд төржээ. 1959 онд тэрбээр өөрөө имам болж, 1960-аад онд Измир мужид номлогч болж алдаршжээ. 

Холбоотой мэдээ