ЛеБрон, Бронни Жеймс нар NBA-ийн түүхэнд бичигдлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-10-23 15:49:01

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны аравдугаар сарын 23 /NBA/. ЛеБрон Жеймс, Бронни Жеймс нар орон нутгийн цагаар мягмар гаргийн орой Лос-Анжелес Лейкерс багийн энэ улирлын нээлтийн тоглолтын үеэр NBA-ийн талбайд хамтдаа гарсан анхны аав хүү хоёр боллоо.


Тоглолтын хоёрдугаар үе дуусахад 4 минут дутуу байх үед Леброн, Бронни нар талбайд хамт гарч ирэхэд үзэгчид алга нижигнүүлэн ташиж баяр хүргэж байлаа. Леброны хувьд 20 настай хүүтэйгээ мөр зэрэгцэн тоглож эхлэхээсээ өмнө нээлтийн тоглолтод хэдийнээ оролцож, 13 минутын турш тоглоод байв.


Өдгөө 39 настай ЛеБрон Жеймс бол NBA-гийн түүхэнд хамгийн олон оноо авсан тоглогч бол бага ЛеБрон Жеймсийг "Лейкерс" баг өнгөрсөн зун драфтын хоёрдугаар тойрогт сонгож багтаа авсан юм. Ингэснээр тэд дэлхийн сагсан бөмбөгийн дээд лигт нэгэн зэрэг тоглосон анхны аав хүү хоёр болж байна.


Америкийн мэргэжлийн бейсболын тамирчин Кен Гриффи, бага Кен Гриффи нар бейсболын дээд лигт өөрсдийн бичсэнтэй ижил түүхийн гэрч болохоор “Лейкерс”-ийн талбайд хүрэлцэн иржээ. Бейсболын түүхэнд нэг талбайд мөр зэрэгцэн тоглосон анхны аав хүү болж байсан тэд 1990, 1991 онд Сиэтл Маринерс багийн бүрэлдэхүүнд хамтдаа 51 тоглолтод оролцож байжээ. Аав хүү Жеймс, Гриффи нар тоглолтын өмнөх бэлтгэлийн үеэр уулзаж, хамтдаа гэрэл зураг авхуулж, халуун дотно яриа өрнүүлсэн байна.


NBA-ийн дөрвөн удаагийн аварга, бүх оддын тоглолтод 20 удаа сонгогдон оролцсон ЛеБрон хэдэн жилийн өмнө буюу том хүүгээ ахлах сургуульд байхад нь Броннитой мөр зэрэгцэн тоглохыг мөрөөддөг талаараа анх ярьж байсан удаатай. Өсвөр насандаа ахлах сургуулийн багт тоглож байсан Бронниг “Лейкерс” 55 дахь сонголтоороо сонгон авсны дараа энэ мөрөөдөл ийнхүү биеллээ олжээ.

Холбоотой мэдээ