“Улаанбаатар Энержи” баг Абу Дабигийн “Мастерс”-т оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-10-25 14:49:05

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн цуврал тэмцээн АНЭУ-ын Абу Даби хотноо болох “Мастерс”-аар үргэлжилж байна.


140 мянган ам.долларын шагналын сантай эл тэмцээн маргааш эхлэх бөгөөд дэлхийн шилдэг 14 баг өрсөлдөнө. Тэдний нэг нь “Улаанбаатар Энержи” юм. Тэд “А” хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн “Үб Хуйшан”, Швейцарын “Лозанн” багтай таарчээ. “Улаанбаатар Энержи” сүүлийн хоёр “Мастерс”-т хэсгээсээ шалгарч чадаагүй бөгөөд Макаод есдүгээр байр эзэлсэн юм.


Тэмцээнд оролцож буй багуудаас чансаагаараа есдүгээрт бичигдэж буй Монголын багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Марко Дугосия, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал нар багтсан байна. Тэд эхний тоглолтоо Улаанбаатарын цагаар энэ сарын 26-ны 21:35 цагаас “Үб Хуйшан”-тай хийх бол дараа нь 23:45 цагаас “Лозанн”-тай тоглоно.


Ташрамд дурдахад, маргааш Тайванийн Тайпэй хотод эхлэх “Тайпэй Чэлленжер-2024" тэмцээнд Монголоос “Баянхайрхан”, “Баянхонгор” баг оролцохоор мэдүүлэг өгчээ.

Холбоотой мэдээ