ТӨВ: Засаг даргаар Л.Төмөрчөдөрийг сонгож, Ерөнхий сайдад уламжлахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2024 оны аравдугаар 29 /МОНЦАМЭ/. Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 10 дугаар сарын 29-ний өдөр ЗДТГ-ын хуралдааны танхимд 100 хувийн ирцтэй боллоо.
Хуралдааныг хамгийн ахмад настай Батсүмбэр сумын төлөөлөгч Уртнасангийн Болормаа даргаллаа. Гэвч аймаг болон сумын ИТХ-д давхар нэр дэвшсэн 2 төлөөлөгч сумын хуралдаа оролцож баталгаажуулсан гэсэн үндэслэлээр Монгол ардын нам 39 хүний бүрэлдэхүүнтэй хуралдах санал тавьсан. Энэ асуудлаар Ардчилсан намын дарга Л.Төмөрчөдөр, Хууль зөрчсөн бол шүүхэд гомдол гаргах, шүүхийн шийдвэр гараагүй үед хуралдаа суухаар ирсэн төлөөлөгчдийг оролцуулах нь зөв хэмээн байр сууриа илэрхийлснээр санал зөрөлдөж МАН завсарлага авахыг хүссэн. Завсарлага өгөхгүй хуралдаанаа үргэлжлүүлье гэсэн хурал даргалагчийн шийдвэрийг эсэргүүцэж МАН хурлыг орхин гарсан юм.
Ингэснээр хуралдаан 21 төлөөлөгчтэйгөөр буюу нийт төлөөлөгчийн ирцийн 52,5 хувийн ирцтэй үргэлжилж, нийт 5 асуудал хэлэлцсэн юм.
Анхдугаар хуралдааны үеэр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг даргаа томиллоо. Төв аймгийн ИТХ-ын даргаар Жаргалант сумаас сонгогдсон Нямаагийн Энхболдыг томилж, Засаг даргаар Сэргэлэн сумаас сонгогдсон Лхагвасүрэнгийн Төмөрчөдөрийг сонгож Ерөнхий сайдад уламжлахаар болов.