Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Чингис хаан Үндэсний музейд зочлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-10-29 19:30:58

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр зочиллоо.


Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч К.Токаев болон албаны төлөөлөгчдийг Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун музейн хаалганы гадна талбайд угтан авч тус музейн Монголын төрт ёсны түүх, соёлтой танилцуулан тайлбарлав.

Энэ үеэр 2021 онд Олон Улсын Түрэг Академийн ерөнхийлөгч Дархан Кадырилийн бэлэглсэн Зүчи хааны бунханы макетыг үзэж сонирхон, томоохон бүтээн байгуулалт хийж, олдворуудаар баялаг Монголын түүхийг нэгэн дор харах боломжийг бүрдүүлсэн сайхан музей байгуулсанд талархлаа илэрхийлээд, дахин ирж үзнэ хэмээн амлав.

Тэрбээр Чингис хаан Үндэсний музейд зочлож буй долоо дахь улсын Ерөнхийлөгч юм.

Хүндэт зочин танхимуудаар зочилсны дараагаар музейн Хүндэт дэвтэрт талархсан сэтгэлийн үгээ бичиж, гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцаанд ийнхүү түүх болон үлдлээ гэж Чингис хаан Үндэсний музей мэдээлэв.


Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоож байжээ.




Холбоотой мэдээ