ДОРНОГОВЬ: Үе дамжсан ишгэн дээл

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-12-27 13:55:12

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сумын малчин Санзайсүрэнгийн Сэлэнгэ мал маллахын хажуугаар үйл урлах, шаглах, зүү ороох, малынхаа ноос хөөврөөр гэрийн чагтага, дээс томох, эсгий ширмэл оёх, торомны ноосоор эсгий гутал, бүрээс туурганы зээг хийх, хөөргийн даалин урлах гээд монгол хүний уламжлалт оёж хатгах соёлын өвийг гаргууд эзэмшжээ.


Түүний урласан бүтээлээс ишгэн дээлийг онцлон хүргэе. Монголчууд эрт дээр үеэс дөнгөж төрсөн хүүхдэд ишигний арьсаар дээл урлаж өмсгөдөг уламжлалтай байжээ.


Ишгэн дээл нь биед эвтэйхэн, хөнгөхөн хийгээд хүүхдийг эрүүл чийрэг бие бялдартай болоход ч нөлөөлдөг байжээ. Үйл урлаач, оёж хатгадаг хүмүүсийн дунд ишигний арьсаар хийсэн дээл төдийлэн элбэг байдаггүй аж.


Тэрээр “Язгуур алтан өв“ улсын уралдаанд ишгэн дээлээрээ оролцож шагнал хүртэж байсан юм. Түүний урласан энэхүү ишгэн дээлийг үр хүүхдүүд нь ээлж дараалан өмсөж байсан бол эдүгээ ач зээ нар нь уламжлан өмсаж байна. 


Холбоотой мэдээ