Монгол Улс, БНХАУ-ын найрамдалт харилцааны түүхэн дурсгалуудыг дэлгэн үзүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-10-30 13:13:24

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулан “Монгол Улс-БНХАУ-ын найрамдал” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдөр нээлээ.

 

Энэхүү үзэсгэлэн Монгол, Хятадын найрамдалт харилцааны түүхэн чухал нэгэн үеийг нэхэн сануулах ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид нь онцолж байна.  

 

Үзэсгэлэнгийн нээлтэд Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвийн захирал Ли Жи хэлэхдээ, 2024 он бол Монгол улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жил, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-ний 30 жил, “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” тогтоосны 10 жилийн ой зэрэг олон чухал үйл явдлаар дүүрэн байна.

Өнгөрсөн зууны 1950-1960-аад оны үед хоёр улсын харилцаа, найрамдалт хамтын ажиллагаа  улам гүнзгийрч эдийн засаг, соёл, хүмүүнлэг, шинжлэх ухаан, боловсрол зэрэг олон салбарт чухал үйл явдлаар арвин байсан он цагийг одоо ч эргэн санахад тун ойрхон байна. Энэхүү үзэсгэлэн тухайн үеийн хоёр ард түмний чин сэтгэлийн илэрхийллийг өнөөдрийн уур амьсгалд илүү ойртуулснаар маш олон түүхийг эргэн сануулах болно гэж үзэж байна. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүд хоёр орны ард түмний найрамдалт хамтын ажиллагааг илэрхийлээд зогсохгүй цаашид хоёр орны ард түмний урлагийн өндөр мэдрэмж, түүх соёлын олон чухал үйл явдлыг ч бүтээх боломжтой” гэв.

 

Эл үзэсгэлэнд Монголын Үндэсний музей сан хөмрөгтөө хадгалж буй хоёр орны соёлын харилцааны баримт дурсгалууд, түүхэн гэрэл зураг, бэлэг дурсгал, хятад урчуудын ур, урлахуйн царааг илтгэх урлагийн бүтээлүүд, хоёр орны найрамдлын түүхийг илтгэх ном, альбом, хэвлэмэл материалууд, уран хатгамал, туг далбаа сэлтийг дээжлэн толилуулж байна.


Тухайлбал, Маршал Х.Чойбалсан тэргүүтэй БНМАУ-ын удирдагчдад БНХАУ-аас бэлэглэсэн утга гүн, үзэмж төгөлдөр зарим үзмэр, ваар, цайны шаазан хэрэгсэл, ваар зэрэг эд өлгийн зүйл  болон хоёр орны найрамдлын түүхийн бодит гэрч болох хосгүй нандин дурсгалуудыг үзэж сонирхох боломжтой.

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам дэмжин хамтран ажиллаж буй тус үзэсгэлэнг 11 дүгээр сарын 30-ныг хүртэл тус музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэх юм .

 

БНХАУ 1949 оны 10 дугаар сард байгуулагдаж, Бүгд Найрамдах Монголд Ард Улс дипломат харилцаагаа анх түрүүн тогтоосноор манай хоёр улсын шинэ үеийн түүхэн харилцааны эх суурь тавигдсан билээ. 















Холбоотой мэдээ