“Формула-1”-ийн Бразилын Гран-Прид М.Ферстаппен түрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТСАН-ПАУЛУ, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /Fox spots/. “Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 21 дахь гараа буюу Бразилын Гран-Прид 17 дахь байрлалаас уралдсан “Ред Булл” багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен түрүүллээ.
Түүний хувьд энэ улиралд найм дахь удаагаа түрүүлсэн нь энэ бөгөөд сүүлийн 10 гараанд түрүүлээгүй юм. Хоёрдугаар байрыг "Альпин" багийн франц нисгэгч Эстабен Окон, гуравдугаар байрыг түүний багийн нутаг нэгт Пьер Гасли эзэлжээ.
Испанийн уралдаанч Карлос Сайнц (“Феррари”), Аргентины нисгэгч Франко Колапинто (“Уильямс”), Германы нисгэгч Нико Хюлькенберг (“Хаас”) нар замаасаа гарсан тул уралдаанаас хасагджээ.
Таиландын уралдаанч Александер Албон ("Уильямс") урьдчилсан шатны уралдаанд гарсан ноцтой ослын улмаас гараанд гараагүй бол Канадын нисгэгч Лэнс Стролл ("Астон Мартин") бие халаалтын тойрогт замаасаа гарсны улмаас уралдаанд оролцож чадсангүй. Ердөө 15 тамирчин уралдааныг дуусгасан нь Канадын Гран-Пригийн адилаар энэ улирлын хамгийн цөөн уралдаанч оролцсон тэмцээн боллоо.
Уралдаан эхлэхийн өмнө “Мерседес” багийн британи нисгэгч Льюс Хэмилтон 1994 оны тавдугаар сарын 1-нд Сан-Мариногийн Гран-пригийн 7-р тойрогт ослоор нас барсан Бразилын нисгэгч Айртон Сеннагийн дурсгалд зориулж, уралдааны замаар Бразилын далбааг мандуулан явсан байна. А.Сеннагийн 1990 онд унаж байсан "Макларен" багийн MP4/5B машинаар тэрбээр хэдэн тойрог явжээ.
“Формула-1”-гийн дараагийн гараа 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Лас-Вегаст болно.