АНУ-ын сонгууль ажиглах өдөрлөг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-11-06 16:57:38

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. АНУ-ын Элчин сайдын яамнаас өнөөдөр АНУ-ын сонгууль ажиглах өдөрлөгийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.


АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган тус өдөрлөгийн зорилго, сонгуулийн үр дүнг тодорхойлж хэлэхдээ “АНУ-ын Элчин сайдын яамд дэлхий даяар 4 жил тутамд сонгууль ажиглах өдөрлөгийг зохион байгуулдаг. Монгол Улсад энэхүү арга хэмжээг сүүлийн жилүүдэд зохион байгуулах болсон. Уг өдөрлөгийн гол зорилго нь АНУ-ын сонгуулийн үйл явц хэрхэн өрнөдгийг нээлттэй хэлбэрээр харуулах явдал юм. АНУ-ын сонгуулийн үйл явц нь зарим талаараа нэлээн амаргүй тул ихээхэн ач холбогдол өгч, уг өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулах болсон. Монгол Улс, АНУ хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа тогтмол өсөн нэмэгдэж ирлээ. Энэ хугацаанд 5-6 Ерөнхийлөгчийн засаг захиргаа солигдсон хэдий ч хоёр орны харилцаа бат бэх, өсөлттэй явж ирсэн. Энэ удаагийн сонгуулийн дүнгээр хэн ялсан байлаа ч энэхүү харилцаа тасралтгүй бэхжсэн хэвээр байх болно” гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ.

Өдөрлөгийн үеэр Олон улс судлаач, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Д.Баярхүүгээс Монгол Америк хоёр орны харилцаа, хэтийн төлөвийн талаар тодруулсан юм. Тэрбээр “АНУ-д явагддаг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хоёр улсын харилцаанд ямар нэг савалгаа, туйлшрал буюу харилцаа огцом муудсан эсвэл сайжирсан үзэгдэл огт тохиолдож байгаагүй. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид нь хоёр орны харилцааг урагшлуулахад өөрсдийн хувь нэмрийг оруулсан хүмүүс юм. Тухайлбал, Доналд Трампыг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед 2018 онд хоёр орны хооронд Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоогоод, нэг жил болоогүй байхад тус харилцааг Стратегийн түншлэлийн харилцаанд хүргэсэн. Нэр дэвшигч Камала Харрис нь 2023 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-д хийсэн айлчлалын үеэр хэлэлцээ хийж, Стратегийн түншлэлийн харилцааг Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцаанд хүргэн шат ахиулж байв. Өөрөөр хэлбэл, хоёр орны харилцаанд өөрсдийн хувь нэмрийг бодитоор оруулсан хоёр хүн тус улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж байна. Хэн нь ч сонгуульд ялалт байгуулсан бай, Монгол Америкийн харилцаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.


Өдөрлөгийн үеэр  сонгуулийн үйл явцыг сурвалжилж буй телевизүүдийн шууд дамжуулалтыг дэлгэцээр үзүүлэв. Түүнчлэн оролцогчид АНУ-ын сонгуулийн талаарх өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, харилцан санал бодлоо хуваалцах боломжийг бүрдүүллээ. Үүний зэрэгцээ загварчилсан санал хураалтыг явуулав.





Холбоотой мэдээ