ХОВД: Үенч сумынхан хамгийн олон мод тарьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Ховд аймаг сүүлийн гурван жилийн хугацаанд 370 мянга орчим мод тарьжээ.
Онцлоход, 2024 оны хавар 48 мянга, намар 12 мянга гээд нийт 60 мянга орчим мод тарьсан гэж Ховд аймгийн Байгаль орчны газраас мэдээлэв.
Өдгөө хамгийн олон мод тарьсан сумаар Үенч сумыг нэрлэж байна. Тус сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэд сүүлийн хоёр жилийн хугацаанд ойролцоогоор 9 га талбайг ойжуулж, 45 мянга орчим мод тарьжээ.
Мөн хамгийн олон мод тарьсан байгууллагаар мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй "Ховд сапари" ХХК, "Үр жимс" хоршоог нэрлэлээ.
"Ховд сапари" ХХК 2024 онд Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 60 га талбайд ойжуулалт хийсэн бол "Үр жимс" хоршооны хамт олон 35 га талбайд ойжуулалт хийжээ.
Хашаандаа хамгийн олон мод тарьсан иргэдийн нарийвчилсан судалгаа одоогоор гараагүй байна гэж Ховд аймгийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Д.Бөхболд хэлэв.
Ховд аймагт мод тариагүй сум, байгууллага байхгүй. Төрийн байгууллагын ажилтан, албан хаагчид мод тарих ажилд идэвхтэй оролцож байна.
Өмнөх жилүүдэд тарьсан модны ургалт одоо 70-80 хувьтай байгаа.
Жаргалант сумын зарим цэгт буюу Нисэх буудал, Бичигт баг чиглэлд тарьсан модны арчилгаа, хамгаалалт, усалгаа тааруу байснаас шалтгаалан ургалт муу байна.