СҮХБААТАР: “Судар эгшиглэн-2024” төсөлд 5200 уншигч оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Анх аймгийнхаа хэмжээнд эхэлсэн ч улсын хэмжээнд уншигчдад танигдаж, тэр хэрээр хамрах хүрээгээ тэлсээр байгаа "Судар эгшиглэн" төсөл дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж шилдгүүдээ шалгарууллаа.
Төслийн хүрээнд шилдэг уншигч шалгаруулах уралдаанд Сүхбаатар аймгийн уншигчдаас гадна Хэнтий, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор, Увс аймгаас 5200 уншигч оролцжээ.
Уншигчид заавал унших 20 номоо уншиж, давхардсан тоогоор 10 мянган гаруй номын тэмдэглэл болон бүтээлээ ирүүлснээс дөрвөн насны ангиллаар шилдгүүдээ шалгарууллаа.
Шилдгээр шалгарсан уншигчид ийнхүү сэтгэгдлээ хуваалцав.
Баруун-Урт сумын нэгдүгээр цэцэрлэгийн эмч У.Энх-Амгалан
Энэхүү уралдаанд анх удаа оролцож, заавал унших номоо бүгдийг уншсан. Миний хувьд ном унших дуртай. Харин номын тэмдэглэл гэдгийг бараг хөтөлж үзээгүй. Харин энэ төсөлд хамрагдсанаар уншсанаа хэрхэн буулгаж тэмдэглэх вэ гэдгийг сурсан. Уншсанаа бодож тэмдэглэнэ, бусдад илүү ойлгомжтой байдлаар хүргэнэ гэдэг үнэхээр сонирхолтой, цаашлаад тухайн номоо илүү сайн ойлгоход нөлөөлдөг юм билээ. Ажлынхаа зав зайгаар өөртөө цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлж шилдэг уншигч болсондоо баяртай байна.
Уулбаян сумын ЕБС-ийн
4 дүгээр ангийн сурагч А.Эмүжин
Би "Судар эгшиглэн" төсөлд гурав дахь жилдээ оролцож байна. 18 ном уншсан. Миний уншсан номоос хамгийн их таалагдсан нь "Монголын нууц товчоо" байсан. Энэ номыг уншсанаар би эх орныхоо үүх түүхийг мэдэж авч, мөн хэрхэн хүчтэй зоригтой байх ёстой вэ гэдгийг ойлгосон. Ангиараа энэ уралдаанд оролцож шилдгээр шалгарч чадсандаа баяртай байна. Энэ өдрийг маш их догдолж хүлээсэн. Дараа дараагийн уралдаанд нь найзуудтайгаа оролцох болно гэв.
Дөрвөн
жил хэрэгжсэн төсөл үр дүнгээ өгч байна. Дан ганц Сүхбаатарынхан төдийгүй бусад аймгийн иргэд, хүүхэд багачуудыг ч номд дурлуулж, идэвхтэн уншигч болгох,
цаашлаад номоор дамжуулан олон талын боловсрол олгож нийгэмд эерэгийг түгээж буйг төслийн санаачлагчид онцолж байсан юм.
Төсөл цаашид үргэлжилнэ. "Судар эгшиглэн" төсөл аймгийн бодлогын
баримт бичигт тусгагдсаны зэрэгцээ боловсролын салбарт хийх томоохон ажлуудын
нэг болсон. Энэ хугацаанд аймгийн ЗДТГ хамтран хэрэгжүүлж ирсэн бол цаашид Нийтийн номын сангийн үндсэн үйл ажиллагааны нэг болж, ерөнхий зохион байгуулалтыг хариуцаж байхаар төлөвлөж байгаа. Энэ бол номын сан уншигчдаа
татах, уншигчийнхаа тоог нэмэх маш том ажил болно гэж төслийн багийн гишүүн Л.Нарангарав ярилаа.