СЭЛЭНГЭ: Соёлын өвийг бүтээгч түүхэн хүмүүн М.Бүтэмж
ӨВ СОЁЛСүхбаатар,
2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч
сарын аяны хүрээнд аймгийн Нэгдсэн музейгээс Сэлэнгээс төрөн
гарсан алдарт зураач, соёлын өвийн нэрт төлөөлөгчдийн нэг Мижидийн Бүтэмжийг танилцуулж
байна.
Монгол
Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, уран зураач М.Бүтэмж 1942 оны 9-р сарын 27-нд
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт малчин ард Пунцагийн ууган хүү болон мэндэлж,
өвөг эцэг Мижидийн асрамжид өсжээ.
Тэрээр
1952 онд Нийслэлийн II дунд сургуульд элсэн орж, 1961 онд төгссөн байна. Улмаар
1961-1968 онд Прага хотын Урлаг үйлдвэрлэлийн дээд сургуульд зураач
мэргэжлээр элсэн суралцсан нь өнөөдрийн гайхамшигтай уран бүтээлүүдийн эзэн
болох алдрын замыг нь нээжээ.
Тэрээр 1992
онд Улсын бага хурлаас баталсан 1993 оны шинэ загварын нэг төгрөг, тавтын
төгрөгийн зураг, загварыг бүтээсэн байна.
Тус хоёр
мөнгөн тэмдэгтийн нэг төгрөг нь ар, өвөр талдаа арслан, соёмбо, тавтын төгрөг
нь ар, өвөр талдаа Д.Сүхбаатарын хөрөг, адуун сүрэг дүрсэлжээ.
Монголын
уран зургийн галерейн сан хөмрөгт зураач М.Бүтэмжийн 30 орчим бүтээл
хадгалагддагаас “Хот айл” бүтээл нь 1976 онд Бүгд Найрамдах Болгар Ард Улсын
Софи хотод болсон олон улсын үзэсгэлэнд тэргүүн байр эзэлж, “Мянган адууны
баяр” бүтээл нь шилдэг уран зургаар шалгарч байсан түүхтэй юм.
Мөн Сэлэнгэ
аймгийн Нэгдсэн музейн сан хөмрөгт түүний 1971 онд урласан “Нутгийн уулс” зотон
тосон уран зураг хадгалагдаж байна.
Түүнчлэн
1971 онд Сэлэнгэ аймгийн Ардын хувьсгалын музей ашиглалтад ороход музейн
үзмэрийн заалны хоёр талын том ханан дээр “хувьсгалын цуурай”, “хувьсгалын
шуурга” том хэмжээний чулуун шигтгэмэл мозайкин урлагийн бүтээлийг бүтээж
өгчээ.
Уг
бүтээлийн өнгө өнгийн чулууг тухайн үед Дундговь аймгийн МХЗЭ-ийн гишүүд түүж
авчирч өгсөн байна.
Уран
зураач, мозайкин урлагийн нэрт мастер М.Бүтэмжийн уран бүтээл, хөдөлмөрийг төр
засгаас өндрөөр үнэлж 1982 онд Урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал, 1986 онд
Алтан гадас одон, 1992 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдэг, 2020
онд Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналтан цол тэмдгээр тус тус шагнажээ.