ДОРНОД: Үхэр өсгөхөд дулаан хэвтэр, дундуур идэш чухал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/.
Баяндун сумын малчин Б.Баяржаргал ангус үүлдрийн үхрийг махны чиглэлээр өсгөж
байна. Жил ирэх тусам байгаль цаг уур өөрчлөгдөж, малын тоо толгой хэт олон
болсноос бэлчээрийн даац хэтэрч буй тул тэрээр мал маллах арга ухаанаа орчин
үе, шинжлэх ухаантай хослуулах нь зүйтэй гэж үзжээ.
Ангус үүлдэр бол махны гарц их, амьдын жингээр монгол үхрээс 40-60 хувь илүү татдаг, байгаль цаг уурт дасан зохицох чадвар сайн, эвэргүй мухар, номхон дөлгөөн амьтан юм. Үхэр мухар болоод ирэхээр сүргийн бүтэц дотроо хүртэл тун эвтэй болж ирдэг гэж тэрээр ярьж байна.
Дорнод аймгийн Баяндун суманд ангус үүлдрийн үхэр үржүүлж
буй малчид хэд хэд бий. Тэд бие биедээ зөвлөгөө өгч хамтран ажилладаг. Дорнодын
байгаль цаг уурын таатай нөхцөл, бэлчээрийн хүрэлцээ, малын таваарлаг байдал
зэргийг харгалзан дэлхийн шилдэг үүлдрийн нэг абердин ангус үхрийг үржил
селекцийн аргаар нутагшуулах ажлыг тус суманд 18 жилийн турш хийж байгаа юм.
Дэлхий
дээр 990 үүлдрийн үхэр бий. Эдгээрээс хамгийн олон буюу 41 улсад нутагшуулсан
нь ангус үүлдэр гэнэ. Энэ үхэр байгаль цаг уурын -+40 хэм буюу ямар ч нөхцөлд
дасан зохицох чадвар, бэлчээр ашиглалт сайтай, төрөлхийн мухар хэвшилтэй,
зүсний хувьд хар, улаан, төрөх үеийн хүндрэлгүйгээс гадна хоногийн нэмэгдэл жин
өндөр зэргийг харгалзан ангус үүлдрээр нутгийн монгол үхрийн махан ашиг шимийг
нэмэгдүүлэх үржлийн ажил ийнхүү ундарч байна.
Одоогийн байдлаар үржлийн аж ахуйн цөм сүргийг 3, 4-р үе /F3, F4/-ийн үхрээр бүрдүүлж, бэлчээрийн үхрийн үндсэн сайжруулагчаар 18 аймгийн 30 суманд захиалгаар нийлүүлжээ. Цаашид үржлийн ажлыг өргөжүүлж, Дорнод аймагтаа махны брэнд үхэр гаргах тал боломжтой гэж үзэж буйгаа малчид ярилаа.
Эдний хот айл энэ намар 1300 боодол өвс бэлтгэжээ. Тэрээр “Үхэр өсгөхөд дулаан хэвтэр, дундуур идэш” гэдэг хуучны үгийг санаж, 11 дүгээр сарын 1-нээс гуравдугаар сарын 1-нийг хүртэл бяруундаа өдөрт гурав, үхэртээ өглөө бүр таван боодол хуйлмал өвс тарааж өгөхөөр тооцож хадлангаа бэлдсэн гэв.
Б.Баяржаргал ангус үхрээ өвөлжүүлэхээр нийт 500 м.кв дулаан байр барьжээ. Суурин дулаан байр нь өмнө талаасаа нар тусах боломжтой, ханыг нь сендвичээр хийж, 300 м.кв хэмжээтэй, өвлийн улиралд гадаа -30 градус хүйтэрч байхад дулаан байран дотор -15 градус байдаг аж. Харин зөөврийн байр нь 200 м.кв хэмжээтэй. Дулаан байран доторх нэг асуудал бол дулаан хэвтэр юм. Тиймээс үхрийн баасаа хэвтэрт нь дэвсэж, модны үртэс асгаж бэлджээ. Дүн өвөл эхлэхээс өмнө дахин нэмж модны үртэс татаж авахаар төлөвлөж байна.