ЗАВХАН: Энэ өвөл, хавар 442.1 мянган толгой малыг зах зээлд нийлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-11-22 17:21:01

Улиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймаг 2024-2025 оны өвөл, хаврын улиралд 219 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэхээр төлөвлөжээ.


Тус аймаг 9.5 мянган малчин өрхтэй. 2023 оны жилийн эцэст 3067.5 мянган мал тоолуулсан.  

2024-2025 оны өвөл, хаврын улиралд 219 мянган толгой малыг хүнсэнд, 442.1 мянган толгой малыг зах зээлд нийлүүлэх судалгаа гаргажээ.


Урьдчилсан дүнгээр хонин толгойд шилжүүлснээр 5.7 сая толгой мал өвөлжих тооцоо гаргаад байгаа тухай Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.


Сүүлийн хоёр жилд худалдан борлуулсан мал, махны хэмжээ жил бүр 200-300 мянгаар нэмэгджээ. Хүнсэнд хэрэглэсэн малын тоо мөн адил нэмэгдсэн байна. Мал, махны үнэ аймгийн хэмжээнд өссөн дүнтэй байна.


Тухайлбал мал, махны зах дээр нэг хонь 250-300 мянга, харин нэг кг хонины мах 10-12 мянга, үхрийн мах нэг кг нь 13-15 мянга, адууны мах нэг кг нь 8000-9000 төгрөгөөр борлуулж байна.


Өнгөрсөн жилийн мөн үеэс кг тутамдаа 1000-3000 төгрөгөөр нэмэгджээ.

2023 онд Завхан аймаг оны эхний нийт малын 33.8 хувьтай тэнцэх 1 сая 300.4 мянган малыг хэрэглээнд зарцуулсан байна. Малтай нэг өрхөд дунджаар 94 толгой малыг хэрэглээнд зориулан зарцуулсныг аймгийн нийт өрхөд харьцуулбал нэг өрх дунджаар 62 толгой малыг хэрэглээндээ зарцуулсан байна. Харин оны эхний нийт малын 28.4 хувьтай тэнцэх 1095.0 мянган малыг зах зээлд борлуулж, 207.2 мянган малыг хүнсэнд хэрэглэсэн байна гэж Статистикийн хэлтсээс нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ