ЗАВХАН: Морин хуур бол монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн зэмсэг
ӨВ СОЁЛУлиастай, 2024 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Соёлын бүтээлч сарын хүрээнд дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын морин хуур хөгжимд зориулан бичсэн шилдэг 20 бүтээлээр “Морин хуур-Монгол” нэртэй тоглолтыг зохион байгууллаа.
Монгол улсын Ерөнхийлөгч 2024 оны хоёрдугаар сарын 1-нд Морин хуурыг түгээн дэлгэрүүлэх зарлиг гарган, айл өрх бүр морин хуурын аялгууг эгшиглүүлэн, үр хойчдоо өвлүүлэн сургаж, үндэсний урлаг, монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулахыг нийт иргэдэд уриалсан.
Энэхүү зарлигийн хүрээнд тоглолтыг аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас зохион байгуулсан бөгөөд 70 гаруй хүн “VIP” тоглолтыг үзжээ. Тоглолтод Монгол Улсын консерваторын харьяа Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллежийн багш соёлын тэргүүний ажилтан С.Түмэнбаярын удирдсан “Мөнгөн чавхдаст” морин хуурын чуулга, соёлын тэргүүний ажилтан морин хуурч Б.Батбаярын үүсгэн байгуулсан “Эгшиглэн мандах” хөгжмийн сургалтын төвийн Дэвшил сургуулийн “Тэнгэрлэг” хамтлаг оролцож морин хуурын шилдэг бүтээлүүдийг өргөн барилаа.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Манан”, Ардын жүжигчин Н.Жанцанноровын “Мандухай цэцэн хатан”, “Цагаан суварга” урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн морин хуур хөгжимд зориулсан монгол ардын хоёр дууны найруулга, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Сүхбаатарын “Үүлэн бор” гэхчлэн морин хуур хөгжимд зориулсан 20 бүтээлийг тоглолоо гэж Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас мэдээлэв.
Завхан аймаг Завхан аймаг хүүхэд залуучууддаа морин хуур хөгжмийг таниулах, уламжлуулах үйл ажиллагааг бодлогоор дэмждэг. Өдгөө аймгийн хэмжээнд 4600 гаруй хүүхэд залуучууд морин хуур хөгжмөөр хичээллэж байна.
Завхан аймгийн Соёл
урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Соёл урлагийн хэлтсийн дарга Э.Пагмаа:
-Морин хуур хөгжмийн бүтээлүүдээр анх удаа "VIP" тоглолтыг зохион байгуулав уу?
-Тийм ээ. Өнөөдөр зөвхөн Улиастай суманд морин хуураар хичээллэдэг, суралцаж байгаа хүүхдүүдийн төлөөлөл 50 гаруй хүүхэд анх удаа морин хуур хөгжимд зориулсан бүтээлүүдээр “VIP” тоглолтыг, соёлын бүтээлч сарын хүрээнд амжилттай зохион байгууллаа. Ер нь манай аймагт ямар нэгэн үйл ажиллагааны нээлт, тэмдэглэлт баяр наадмыг морин хуурын аялгуугаар төсөөлшгүй. Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үр дүнтэй хэрэгжүүлж байгаагийн тод жишээ бол энэ юм.
Морин хуур хөгжмийг 2008 онд хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн.
Монголчууд морин хуурыг бүтээж, түүний тоглох арга барилыг үндэсний уламжлалт урлагийн сонгодог төрөл болтол хөгжүүлж чадсан нь хүн төрөлхтний соёлын өв санд монгол угсаатны оруулсан хувь нэмэр мөн гэдгийг үнэлж 2003 онд ЮНЕСКО Монголын уламжлалт морин хуурын урлагийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхагласан байдаг. Тиймээс энэ хөгжмийг хүүхэд залуучуудад өвлүүлэн үлдээх, сургах, хөгжүүлэх. Улмаар соёлын биет бус өвийг өвлөн уламжлахын ач холбогдлыг хүүхэд байхаас нь ойлгуулах, хамгаалуулах, бахархуулах, сургах нь үр дүнтэй гэж, морин хуурын сургалтыг аймгийн хэмжээнд байнга явуулдаг түүхтэй.
Тухайлбал аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Морин хуурын хөтөч багш бэлтгэх” сургалтыг хамгийн сүүлд 2022 онд аймгийн 24 сумын сургууль, Улиастай сумын зургаан сургуулийн 60 сурагчийг хамруулан явуулсан. Улиастай болон Алдархаан сумуудад морин хуурын хөгжмийн сургалтын төвөөр дамжуулан хүүхэд бүр сурч байна. Ер нь хүүхэд бүр морин хуур хөгжмийг сонирхон суралцах боломжтой гэдгийг олон удаагийн сургалт харууллаа.
Монголын ард түмэн олон зууны турш мал маллаж нүүдэллэн амьдрахдаа адууг машид эрхэмлэн, туг сүлдэндээ дээдэлж, дуу хөгжимдөө мөнхөлж ирсэн түүхтэй. Энэ хүндэтгэлийн нэгэн илрэл нь морин хуур хөгжим юм.
Морин хуур гэдэг морин толгойтой хуур гэсэн
утгатай. Хос чавхдастай. Чавхдас ба нумын аль алиныг морины сүүлний хялгасаар
хийдгээрээ онцлог. Морин хуур нь цар багтаамж ихтэй, дуу авиа, илэрхийлэх
чадвар сайтай, хийц ба эгшиг дуурслын төгс төгөлдөр зохицлыг олсон хөгжмийн
зэмсэг юм. Тийм ч учраас нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндорж хуур ба хуурчийн чадал
увдисыг ...”Хорвоогийн хамаг явдлыг Хоёрхон чавхдасанд багтаадаг” хэмээн
магтан дуулсан билээ.
-Завханы хүүхэд бүр морин хуур хөгжмийг сонирхон судалдаг түүх бий. Тухайлбал
Монголд анх удаа 999 морин хуурчийн тоглолт хийсэн гээд?
-Тийм ээ. Завхан аймгийн 24 сумын нийт 36 ерөнхий боловсролын сургууль морин хуур хөгжмийн хамтлагтай болсон. 2011 онд анх Сүхбаатарын талбайд 999 морин хуурч тоглуулсан түүх бий. Манай аймаг морин хуур хөгжмийг хүүхэд залуучууддаа сургах, Монголын өв уламжлалаас суралцуулахад бодлогоор дэмждэг. Тиймээс ч 2013 онд аймаг байгуулсны 90 жилийн ойн баяраараа 2222 морин хуурчийг цэнгэлдэх хүрээлэндээ тоглуулж байсан.
Мөн 2018 онд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд 3030 морин хуурч Монгол Улсын
Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн “Дуут нуур”, хөгжмийн зохиолч
Ц.Сүхбаатарын “Үүлэн бор”, Н.Жанцанноровын “Монгол аялгуу”-г эгшиглүүлсэн
түүхтэй. “Морин хуур” хөтөлбөрийг 2011 оноос хойш хэрэгжүүлсний үр дүн гарч сум
бүрт бүх насныхан морин хуур хөгжмийг сонирхон суралцаж, Монголын уламжлалт
ардын хөгжмийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээж буй. Энэ ажлыг үргэлжлүүлэн
уламжлуулж байна. 2023 онд
Завхан аймгийн 100 жилийн ойгоор
мөн л морин хуурч хүүхдүүд маань наадмыг нээж тоглож байсан сайхан түүхүүд
байна.
Морин хуурыг хүүхэд бүрт сургаж, айл бүхэнд хуур тоглодог хүн байгаасай гэж бодлогоор дэмжиж байгаагийн үр дүн жил бүр гарч байна. Хүүхэд залуучууд морин хуур хөгжмийг сонирхож, судалж, суралцах хүсэлтэй байгаа нь ч бахархууштай.
Морин хуур бол
монгол угсаатны соёл, зан заншлын уламжлалыг цогц байдлаар агуулж буй хөгжмийн
зэмсэг бөгөөд баяр наадам, хурим найр, ёслол хүндэтгэл, мал аж ахуйн
холбогдолтой олон зан үйлд морин хуур хөгжмөөр ая эгшиг өргөдөг уламжлалтай.
Тэгээд ч айл болгон морин хууртай байхыг чухалчилдаг, гэрийнхээ хойморт хамгийн
хүндтэй байранд залдаг, айлд орсон хүн заавал хуурдаж, эс чаддаг нь хуурт гар
хүрдэг заншилтай байв.
Мөн хаврын улирал
монголчуудын уламжлалт цагаан сарын баяраар эхлэх бөгөөд энэ баяраар хүмүүс өөр
хоорондоо золгон ёсолж, айл өрх бүр жилдээ сайн явах, өвчин зовлон, хэрүүл
тэмцэлгүй байхын бэлгэдэл болгон “Гэрийн жавар үргээж” морин хуураар ая өргөдөг
заншилтай.
-Морин хуур
хөгжмийн талаарх Монголын олон ястны дунд өөр өөр заншил, ёс жаяг бий байх?
-Тийм шүү. Монголын олон ястны дунд хуурдахад тусгайлан зориулсан “татлага“ гэдэг уламжлалт аязууд бий. Төв Халхад “Жонон хар морины явдал” хэмээх хуурын аяз нутаг нутгийн онцлог ялгаатайгаар түгээмэл тархсан байдаг юм билээ. Говийн бүсэд гэхэд “Хуурын магнай”, “Уулган шар атны явдал”, “Өрөөлт халтар морь”, “Аргалын хурга”, “Дааган нэмнээ”, “Шөргийн шар ат” гэх мэт холбогдох домог, түүх бүхий онцлог татлагууд байдаг юм билээ. Харин Дарьгангын хуурчид “Зээний аяз”, “Могой хээр”, “Ширүүн хар” /морь/, Нүцгэн цавьдар“, “Харцага зээрд”, “Хөх нуурын тогоруу” зэрэг татлагууд хуурддаг. Харин баруун Монголд икэлийн татлага ба бии биелгээний татлага хэмээх өөр өөр зориулалттай аязууд буй. Биелгээний ая аялгуу нь тогтсон нэр устай, биелэх хөдөлгөөнд тохирсон аялгуу байдаг бол икэлийн татлага нь ямар нэгэн домогт ая аялгуу, мал амьтны үйл хөдлөл, алхаа гишгээ, тэдгээрийг төсөөлж дуурайх, уул усны чимээ, мал амьтны дуу, шуугиан, бугын урам, хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, ботгоо голсон ингийг аргадах ая гэх мэт төрлүүд байна.
“Сариг цагаан
ингэ”, “Жороо морины явдал”, “Балчин хээрийн домог”, “Эйвийн голын усан”,
“Дөрвөн Ойрадын уриа”, “Өрөөлт шарга морь”, “Бээжин шар ат”, “Үен улаан цар”
гээд баялаг олон төрөл байдаг. Морин хуур нь эдгээр уламжлалт татлагуудаас
гадна ардын уртын дууг дагнан тоглох, уртын дуучинтай хамтран тоглох хөгжмийн
гол зэмсэг юм. Хуур, икэл нь уртын дуу, бии биелгээнээс гадна үлгэр, тууль,
ерөөл, магтаал зэрэг ардын аман билгийн олон төрлүүдтэй ая хамсарч, тэдгээрийн
салшгүй нэг хэсэг болж байдаг тухай судлаачид хэлсэн байдаг шүү дээ.
-Танд баярлалаа.
Ерөнхий боловсролын
Завхан аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн ЗДТГ, Хөгжим бүжгийн сургуулиас
"Морин хуур" тоглолтыг амжилттай зохион байгуулсан багш, сурагчдад баяр хүргэж урамшууллаа
Зүүн гараас хоёр дахь нь Монгол Улсын консерваторын харьяа Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит
Хөгжим бүжгийн коллежийн багш соёлын тэргүүний ажилтан С.Түмэнбаяр
Монгол Улсын консерваторын харьяа Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит
Хөгжим бүжгийн коллежийн "Мөнгөн чавхдаст" чуулгын сурагчид
Монгол Улсын консерваторын харьяа Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит
Хөгжим бүжгийн коллежийн "Мөнгөн чавхдаст" чуулгын сурагчид
Соёлын тэргүүний ажилтан морин хуурч Б.Батбаярын үүсгэн байгуулсан “Эгшиглэн мандах”
хөгжмийн сургалтын төвийн “Тэнгэрлэг” хамтлаг
"Морин хуур-Монгол" тоглолтын үзэгчид монгол дээлээрээ гоёж иржээ
"Морин хуур-Монгол" нэртэй “VIP”тоглолтыг 70 гаруй хүн үзжээ