БАЯНХОНГОР: Ц.Батчулуун “American open” тэмцээний аварга боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР![](/files/674d7fdc54471.jpeg)
Баянхонгор, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Өлзийт сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, шатрын аварга, олон улсын хэмжээний мастер, их мастер Цэгмидийн Батчулуун 1965 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй 59 дэх удаагийн "American Open" олон улсын нээлттэй тэмцээнд есөн өргөөс долоон оноотойгоор түрүүлж, цомын эзэн болжээ.
“American open” тэмцээнээс анх удаа Ази тивээс, тэр дундаа Монгол Улсаас аварга төрснөөрөө дэлхийн шатрын спортод түүхэн амжилтыг бүтээж байна.
Ц.Батчулуун Монгол Улсын шатрын түүхэнд төрөн гарсан гурав дахь их мастер бөгөөд оюун ухаан, уйгагүй хөдөлмөрийнхөө хүчээр дэлхийн шилдэг шатарчдын нэг болж чадсан юм. Баянхонгорынхон уугуул нутгийн шилдэг тамирчны нэрэмжит тэмцээнийг Баянхонгор аймагтаа зохион байгуулдаг уламжлалтай.
Ташрамд мэдээлэхэд, Цэгмидийн Батчулуун 1987 оны хоёрдугаар сарын 4-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. 5 настайдаа анх “Ирээдүй” шатрын клубт дэд мастер Д.Сэржмядагаар шатрын “А” заалгаж аварга болох аяны замдаа гарч, өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээний 6 удаагийн аварга болсон юм. Шилдэг мастеруудын тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцож, 2001 онд спортын мастер, 2006 онд олон улсын шатрын холбооны мастер болсон бөгөөд Монгол Улсын гавъяат тамирчин юм.