“Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимид” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор Төрийн ордонд болж байна.
Монгол Улсын хөдөлмөрийн
баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимид агсны 90 жилийн ойг тэмдэглэх
хүрээнд болж буйгаараа энэ хурал онцлогтой. Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Монгол Улсын дээд
шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Чимид сан”, МУИС-ийн Хууль зүйн сургууль болон Монголын Хуульчдын холбоо
хамтран зохион байгуулж байгаа аж. Хуралд Ардын Их Хурал, Улсын Бага хурал,
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Монголын төр,
нийгмийн зүтгэлтнүүд, хууль зүйн шинжлэх ухааны нэрт төлөөлөгчид, академичид
Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл,
Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Хууль зүйн үндэсний хүрээлэн,
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн, Шихихутуг их сургууль, Азийн сан,
Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчид оролцож байна.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэлэхдээ “Малчин, бичиг үсгийн багш, багийн даргаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн Б.Чимид агсан идэр залуу 30 гаруй насандаа МУИС-д хууль зүйн боловсрол эзэмшиж, хуулийн багш, Шүүх яамны сайд, Дээд шүүхийн дарга, Ерөнхий арбитрчаар ажилласан нь түүний үзэл санаа, үг сургаал нь онол, практик хосолсон үнэ цэнэтэй байхад нөлөөлсөн хэмээн намтар түүхээс нь товч дурдаад, түүний оролцож, зөвлөж батлуулсан хуулиуд нь өнөөг хүртэл “Чимидийн хуулиуд” гэж овоглогдож байгаа нь “жинхэнэ” мэргэжилтэн хүний хичээнгүй ажилласан хуулийн “амьдрах чадвар” илүү байдгийг түүний түүх, замнал нотолж байна. Үндсэн хуулийн төслийн эхийг баригчийн нөр их хөдөлмөр, асуудлынхаа чиг, голыг алдахгүйг хичээж байгаа зүтгэл, зарим үндэслэлгүй дайралтад сөхрөөгүй ухаан зэрэг олон чанарыг түүний ном, зохиолоос хардаг тухайгаа тэмдэглээд, Үндсэн хуулийн төсөл дээр ажилласан баг гарсан саналуудыг механикаар бус, олон төрлийн харьцуулсан судалгаа, дүн шинжилгээ хийж, уялдаа холбоо, үндэслэлтэй байдлыг дүгнэж, зөв шийдэл бүхнийг нь тайлбарлан таниулах чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд эдгээр ажлыг зангидаж, өндөр мэргэшлийн зөвлөгөө өгч, зөв голдрилд нь чиглүүлж, төслийн эхийг барих ажлыг Б.Чимид агсан нэр төртэй гүйцэтгэсэн” гэлээ.
Тус эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг нар мэндчилгээ дэвшүүлж, илгээлт ирүүлсэн юм. Б.Чимид агсны охин Ч.Сайнсанаа аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэх, мөнхжүүлэх зорилгоор хууль зүйн судалгаа, шинжилгээ болон эрх зүйн салбарт олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Чимид сан”-гаас эрхлэн явуулдаг тэрхүү олон үйл ажиллагааны нэг нь энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал ажээ.
“Чимид сан”-гийн тэргүүн Ч.Сайнсанаа “2013 оноос зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хурлыг аавынхаа 80, 85 насны ойгоор олон улсын хурал болгосон. Эдгээр хуралд Монголын болон АНУ, Герман, Орос, Хятад, Солонгос, Японы эрдэмтэн, судлаачид оролцож байлаа. Харин энэ удаа АНУ, Германы зочид илтгэгчээр оролцож байна” хэмээн ярилаа.
Эрдэм
шинжилгээний хурлын үдээс өмнөх хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Төрийн шагналт С.Нарангэрэл,
“Азийн сан”-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тейлор, Монгол Улсын баатар
Э.Бат-Үүл нар илтгэл тавилаа. Илтгэгчид Б.Чимид агсны үйл хэргийн биелэл,
ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл явц, түүнд нэмэлт, өөрчлөлт
оруулах асуудалд хандаж байсан түүний хандлага, Монголын хууль зүйн шинжлэх
ухаан болон эрх зүйн боловсролд оруулсан хувь нэмэр, 1990 оны ардчилсан
хувьсгалыг тайван замаар амжилттай өрнүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр
зэргийг онцлон дурслаа.