Сакэ нэрэх аргыг ЮНЕСКО-гийн жагсаалтад оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-12-05 16:25:36

АСУНСИОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 5 /NHK/. НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага /ЮНЕСКО/ Японы сакэ болон шочү, авамори зэрэг бусад согтууруулах ундааг нэрэх уламжлалт аргыг биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэхээр шийдвэрлэжээ. 


ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хороо лхагва гарагт Парагвайн нийслэл Асунсион хотноо хуралдаж дээрх шийдвэрийг санал нэгтэй гаргасан байна.


Японд ийм төрлийн ундаа нэрэх арга анх 500 гаруй жилийн өмнө бий болжээ. Үүнд будаа, арвай эсвэл бусад орц найрлагыг уураар жигнэх, кожи хөгц үүсгэх, ундаа исгэх зэрэг аргууд ордог байна. Түүнчлэн газар орон бүрийн байгалийн онцлогоос хамааран өөрчлөгдөж, үе дамжин уламжлагдан иржээ.


Эдгээр арга технологиор үйлдвэрлэсэн ундааг уламжлалт зан үйл, баяр ёслолд ашигладаг бөгөөд Японы соёлд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн гэж үздэг. Япон улс ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад 23 дахь удаагаа орох гэж буй нь энэ бөгөөд өмнө нь ногакү театр, вашокү хоол, нутгийн ардын бүжгүүд багтаж байлаа.




Холбоотой мэдээ