ЗАВХАН: Малчдад татварын талаарх зөвлөгөө мэдээлэл өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-12-13 16:16:19

Улиастай, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ. Завхан аймгийн Татварын хэлтэс 2024 оны мал, тэжээвэр амьтдын тооллоготой холбоотойгоор малчдад татварын талаарх мэдээлэл өгч байна.


Цахим хуудас болон утсаар иргэдэд татварын тухай хуулийн ойлголт мэдлэг, хуулийн шинэчилсэн зүйл заалтын талаарх зөвлөгөө мэдээллийг өдөр бүр өгч байна. Энэ удаад малчдад зориулсан малын тоо толгойн татварын талаарх ойлголт мэдээллийг өгч байна.


Малчид нь малын тоо толгойн татвараас гадна малын гаралтай түүхий эд борлуулсан тохиолдолд хувь хүний орлогын албан татвар төлнө.


Мөн галт зэвсэг, авто тээврийн хэрэгсэл, үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бол холбогдох татвар, төлбөр хураамжийг төлнө. Малчид төлбөрийн баримт өгөх ёстой юу гэж их асуудаг. Малчин хэрвээ борлуулалт хийж, үйлчилгээ үзүүлсэн бол заавал төлбөрийн баримт өгөх ёстой. Гар утсанд байрших и-баримт аппликейшнаар дамжуулан татвар төлөгчөөр бүртгүүлэх боломжтой.


Малын гаралтай түүхий эд борлуулсан тохиолдолд та тухайн орон нутгийнхаа Татварын хэлтэст хандана. Мөн татвар төлөгчийн QR кодыг хэвлэж авна.


Ингэснээр цахим төлбөрийн QR баримтыг гаргаж өгөх боломжтой болно. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малыг өмчилж буй малчин, мал бүхий этгээд нь албан татвар төлөгч байна. Өөрөөр хэлбэл таны эзэмшилд мал байдаг бол та татвар төлнө. Тиймээс малчин та жилд хоёр удаа өөрийн өмчилж байгаа малын тоо толгойд ногдох албан татварыг сум, дүүргийн төсөвт 7 дугаар сарын 15, 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө.


Мөн албан татварыг урьдчилан төлж болно. Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна. Малын албан татварын хувь хэмжээг сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, малын төрөл тус бүрээр тогтоодог юм гэж Завхан аймгийн Татварын хэлтсээс мэдээлэв.


Ташрамд мал, тэжээвэр амьтдын тооллогын үеэр малчдад татварын тухай ойлголт мэдлэг өгөхөөс гадна, гар утсаараа дамжуулан татвараа хэрхэн төлөх. Татвар төлөгчийн QR кодыг хэрхэн ашиглах талаарх зөвлөгөөг өгч байна. 




Холбоотой мэдээ