ОРХОН: "Эрүүл эрдэнэт хүн” төслийн хүрээнд 4100 хүүхдэд зүрхний оношилгоо хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2024-12-23 12:30:59

2024 оны арванхоёрдугаар сарын 23,/МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрд хүргэх зорилгоор "Эрүүл эрдэнэт хүн" төслийг 2023 онд аймгийн ИТХ, ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран хэрэгжүүлэхээр эхлүүлсэн.


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ЗДТГ-аас эрүүл мэндийн салбарыг дэмжиж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн 3 жилд нийт 8,9 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэнийг ч орхигдуулахгүй хамруулахаар 29 багийн 28500 өрхийн хүн амыг үе шаттай эрт үеийн илрүүлэг оношилгоог хийсээр байна.


Энэ оны хувьд ЕБС-ын сурагчдад зүрхний цахилгаан бичлэг, их дээд сургуулийн оюутнуудад сүрьеэгийн эрт илрүүлэг, үзлэг, ахмад настнуудад 4 төрлийн хавдрын маркер үзэх шинжилгээ болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг хийсэн байна.


Орхон аймгийн Засаг даргын А/360 тоот захирамжийн дагуу “Эрүүл эрдэнэт хүн” төслийн хүрээнд 1 болон 11-р ангийн 4100 хүүхдэд зүрхний цахилгаан бичлэг хийээ.


Дээрх үзлэг оношилгоотой холбогдуулан нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай хүүхдүүдэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүрх судасны эмч Б. Ундрал үзлэг, оношилгоо хийж эцэг, эх асран хамгаалагчдад зөвлөгөө өгсөн байна.


Үзлэгийн үр дүнд зүрхний эмгэгийг илрүүлэн хяналтад авах, нарийн шинжилгээнд хамруулж онош тодруулан мэс засал хийх шаардлагатай хүүхдийг эмчлэн эрүүлжүүлэх бөгөөд цаашид ч бусад үзлэг оношилгоо хөтөлбөрийн хүрээнд төлөвлөлтийн дагуу үргэлжлүүлэн явуулах юм.




Холбоотой мэдээ