УВС: Хөл нь хугарсан бугыг зөвшөөрөлтэй агнаж, арьсаар нь чихмэл урлан музейд тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-15 16:47:14

Улаангом. 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны хариуцсан Түргэн уулын Баруун салаанд нэг хөл нь хугарч гэмтэн амьдрах чадваргүй болсон бугыг байгаль хамгаалагч Н.Намсрай олсон байна.


Тэрбээр Увс аймгийн цагдаагийн газар, Увс нуурын ай савын УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны газар, Мал эмнэлэг зэрэг холбогдох байгууллагад яаралтай ханджээ. Улмаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирсэн зөвшөөрлийн дагуу Улаангом сумын 3-р багийн иргэн Г.Батбаяр уг бугыг агнасан байна.


Аймгийн музейн хамт олон тус бугын арьсаар чихмэл хийлгэхээр болж, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.15 дахь заалтын дагуу зөвшөөрөл авч, Хөхтөн амьтдад тавих тусгай шаардлага MNS 6944:2021 стандартын хэрэгжилтийг ханган чихмэлчин Д.Отгонсайханаар урлуулжээ.


Энэ сарын 14-ний өдөр аймгийн музейн үндсэн сан хөмрөгт тус бугын чихмэлийг бүртгэн авсан байна. 

Холбоотой мэдээ