ДУНДГОВЬ: Дэл, хөнжлийн гурван хийд

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2025-01-16 12:22:29
altantogos

Мандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дэл, хөнжлийн уул нь чулуун зэвсгийн үеэс эхлэн 19 дүгээр зуун хүртэлх хэдэн мянган жилийн түүх өгүүлэх хадны зураг, руни бичээс, ханз үсэг, уйгаржин, төвөд бичээс, шоргоолжин булш, дөрвөлжин булш, хиргисүүр, буган хөшөө, зэл чулуу, сүм хийдийн туурь үлдэгдэл зэрэг дурсгал арвинтай нутаг.


Энэ нутагт гурван хийд байсан нь Хөтөлийн жас, Булаг билүүний хурал, Хөнжлийн Далайн хийд юм.


Сумын төвөөс зүүн урагш 65 км орчим газарт Лүн уулын энгэрт Хөтөл гэх газар Хөтөлийн хийдийн туйр бий. Хөтөлийн жас нь Говь түшээ гүний хошууны нутагт байсан багавтар жас хурлуудын нэг бөгөөд 1800 оны эхээр үүсжээ. Энэхүү жасад 1920 онд Зава Дамдин гавж гүн ухааны дацан сургуулийн газар байгуулсан ба уг жасын чойрыг 1937 онд хаасан гэх түүхтэй.


Уг хийд тухайн үедээ 20 орчим сүм хийдтэй байсан ба тус хийдийн барилгууд нь тасалгаатай болон тасалгаагүй байдлаар баригдсан. Чулуун суурьтай, дээр нь түүхий тоосгоор өрсөн хэмээн судлаачид тодорхойлдог.



Булаг билүүний хурал Дэлийн ууланд байх Булаг билүүн хэмээх газарт 1800 оны дундуур байгуулагджээ. Энэ хурал нь байгалийн үзэсгэлэнт газар бүхий хадан цохион дунд оршиж байсан ба уншлагын зан үйл нь Өвөрмонголын нэйж тойн, мэргэн гэгээн нарын үндэслэсэн монгол уншлагатай байсан байна.



Харин Хөнжлийн далайн хийд сумын төвөөс баруун урагш 85 орчим км газарт говь нутгийн үзэсгэлэн бүрдсэн Хөнжлийн уулын баруун урд хайлаас мод бүхий хадан цохион дунд оршиж байжээ.


Энэ хийд 20 орчим барилга, сүм хийдээс гадна 10 гаруй гэр дугантай байжээ. Тухайн үеийн хийдийн барилгын зохион байгуулалтын хувьд чулуун суурин дээр хөх болон түүхий тоосгоор өрсөн ба дотор ханыг ногоон өнгийн паалангаар гоёж чимэглэдэг байсныг судлаачид тогтоосон байна.



Холбоотой мэдээ