Улсын хэмжээнд 7814 шинэ хоршоог байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын 2024 оны 42 дугаар захирамжаар Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд байгуулсан ажлын хэсгийн ээлжит хурал энэ сарын 15-нд боллоо.
Ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ё.Азжаргал тус хорооны 2024 оны үйл ажиллагааныхаа тайлан, 2025 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, явцын мэдээллийг танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгадаа, “Улсын хэмжээнд 77.233 гишүүн бүхий 7.814 шинэ хоршоо байгуулагдаад байна. Үүнээс нийт 4853 хоршооны 20.731 малчин хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Өнгөрсөн оны 12 дугаар сард шинэ хоршооны 13.549 малчны дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 96 хувь нь зээлээ зориулалтын дагуу зарцуулахад хүндрэл бэрхшээл байхгүй, 87 хувь нь өвөлжилтийн бэлтгэл хангахад зээлийн зориулалт дэмжлэг болсон гэсэн дүн гарсныг онцлов.
Хуралдааны үеэр ажлын хэсгийн гишүүд УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны үеэр орон нутагт ажиллаж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-д хамрагдсан гишүүд болон малчдын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, иргэдийн санал бодлыг сонсохоор тогтлоо. Мөн малчид иргэдийн санал зөвлөмжийг ажлын хэсэг дээр нэгтгэж, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий салбар дундын уялдааг хангах Үндэсний хороонд холбогдох асуудлын хүрээнд чиглэл өгч, хамтран ажиллахаар шийдвэрлэжээ.