СЭЛЭНГЭ: ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Сүхбаатар сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны нэгдүгээр
сарын 17 /МОНЦАМЭ/.
Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Сэлэнгэ аймгийн
Сүхбаатар сумын ИТХ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг Дархан-Уул аймагт хүлээн
авч уулзсан байна.
Уулзалтын хүрээнд төлөөлөгчид ХХААХҮЯ-ны
бодлого чиглэл, шинэ бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны явц байдалтай танилцжээ.
Мөн төлөөлөгчид төвийн бүс
буюу эрчимжүүлэн, төрөлжүүлэн хөгжүүлэх бүс нутгийн иргэдийн хувьд ХХААХҮЯ-ны
барьж буй бодлого чиглэл, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг өөрийн сум орон
нутагтаа хэрэгжүүлэх ямар боломж нөхцөл байгаа, хэрхэн цаашдаа хамтарч ажиллах
талаар харилцан ярилцсан байна.
Уулзалтын талаар Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын дарга М.Эрдэнэбатаас тодрууллаа.
-Сүхбаатар сумын ИТХ-ын бүрэлдэхүүн Дархан-Уул аймагт зочилж, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяртай уулзлаа. Уулзалтын
хүрээнд ямар асуудлуудыг голлон ярилцав. Энэ талаараа тодруулна уу?
-Юуны өмнө бидэнд энэ сайхан боломжийг
олгож, санал хүсэлтийг минь хүлээн авч уулзалт зохион байгуулсан ХХААХҮЯ болон Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр
танд нийт Сүхбаатар сумын 23 мянган иргэдийн өмнөөс талархсанаа
илэрхийлье.
Уулзалт үр дүнтэй сайхан боллоо. Уулзалтад манай хурлын 25 төлөөлөгч оролцлоо. Ерөнхийдөө Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо, “Атрын 4-р аян” Засгийн газрын бодлогууд тодорхой болсон байна.
Сэлэнгэ аймгийн хувьд тэр
дундаа Сүхбаатар сумын тухайд хэрхэн хамтарч ажиллах, төвийн бүс Дархан,
Сэлэнгэ, Төв аймаг руу чиглэсэн үйл ажиллагааг бид сонсоод маш өргөн ойлголттой
боллоо.
Бид цаашдаа төр засаг, яам
тамгын газраас барьж байгаа бодлого шийдвэрийг орон нутгийн өөрсдийн
бодлоготойгоо уялдуулан хамтарч ажиллах нь чухал юм. Ингэхдээ илүү судалгаатай,
тооцоотой цаг хугацаа орон зайны хувьд алдагдал гаргахгүйгээр төлөвлөлтөө
явуулах нь хамгийн чухал юм гэдгийг бодож суулаа.
-Тухайлбал таны зүгээс ямар
санал тавив. Тодорхой шийдэлд хүрсэн зүйл байна уу?
-Сүхбаатар хот их онцлогтой
л доо. 24 цагийн боомттой. Ази, Европыг холбосон авто болон төмөр замын боомт
бүхий том сум. Эндээс бид газар нутгийн онцлогоо ашиглаад, дээрээс нь Монгол
Улсын төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэртэй уялдуулан хөгжих боломж
бидэнд байна гэдгийг ойлголоо.
Тэр дундаа бид үйлчилгээний
салбаруудаа ХАА-н бодлогоор дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг Сүхбаатар суманд бий
болгох хэрэгтэй. Үүнийгээ хөгжүүлэхийн тулд дэмжих бодлогуудыг уялдуулан ажиллах
боломж байгаа юм.
Мөн цаашдаа бид Сүхбаатар сумын хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хэрэгжүүлэх бодлого чиглэлдээ ЖДҮ-ийг
хөгжүүлэх, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх нь нэн тэргүүний зорилт болж байна.
Сүхбаатар сумын иргэд,
хоршоо 4 улирлын хүлэмжийг ашиглан нарийн ногоогоо тарьж, ургуулж байгаа. Одоо бидний
хэрэглэж байгаа гялгар уутаар бүрхсэн хүлэмж бол орхигдсон юм байна. Иймээс
олон улсын түвшний, чанартай, ийм хүлэмжийн аж ахуйг яамны бодлоготой уялдуулан
хөгжүүлэх боломж байгааг бас олж харлаа.
-Танд баярлалаа.