Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБурхан багшийн Их дүйчэн өдрөөр сүсэгтэн олон буян үйлдэж ном хуруулдаг уламжлалтай.
Мөн аав ээжийн ачийг хариулахын тухайд хурал номд даган баясаж, бусдын тусыг бүтээж, буян номд хичээн шамдахад билэгт сайн өдөр билээ.
Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, номын дээд өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэж, нирвааны хутагт хүргэн ээжийнхээ ачийг хариулаад, намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж Замба тивд залран ирсэн түүхтэй хэмээн түүхэн эх сурвалжид тэмдэглэжээ.
Тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр" хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтсон юм.
Энэ өдөртэй холбогдуулан Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Гандан дуганд 11-16 цаг хүртэл "Бурхан багшийн чого" хурж байна. Мөн Цогчин дуган буюу Очирдарийн дуганд 11-17 цагийн хооронд "Дэмчиг"-ийн зан үйлийн дэлгэр хурлыг хурна. Дэмчиг нь нууц тарнийн ёсны 4 гол бурханы нэг бөгөөд эхийн дандарт хамаардаг байна. Тус хурлыг жилд ганц удаа хурдаг.
Д.Өлзий