Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит гудамжтай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамжнаас ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн зүүн талаар хойш Цэцэг төвийн баруун урд уулзвар, Энхтайваны өргөн чөлөө хүртэлх 160 метр авто замыг “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын нэрэмжит” болгон нэршүүлэхийг НЗД-ын зөвлөлийн хурлаар шийдлээ.
Хот байгуулалт, хотын стандартын газрын Хотын орон зайн
мэдээлэл, технологийн хэлтсийн дарга А.Амарсанаа “Засгийн газрын Гудамж, зам,
талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журамд Монгол Улсын тусгаар тогтнол,
хөгжил дэвшилд гарамгай гавьяа байгуулсан түүхэн хүмүүсийн нэр алдрыг мөнхлөх,
түүх, соёлын дурсгал, түүхэн уламжлалыг хадгалах зорилгоор гудамж, талбайг
нэршүүлдэг”-ийг тодотгосныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлсэн юм.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан,
боловсролын салбарын зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор,
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонт П.Очирбатын нэр хүндийг мөнхлөх, хойч үедээ танин мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас “Монгол Улсын анхны
Ерөнхийлөгч П.Очирбатын
нэрэмжит гудамж”-ийг нэршүүлэх шийдвэр гаргасан билээ.