БАЯН-ӨЛГИЙ: Татварын хууль тогтоомжийн шинэчлэлд оруулах саналыг цахимаар авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар Татварын газар, Гаалийн газартай хамтран татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд үүсэж байгаа хүндрэлтэй асуудлыг тодорхойлох, хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтээс санал авах, татвар төлөөгчдөд бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлж, татварын бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн төлөөлөл, иргэдийг хамруулан “Татварын хууль тогтоомжийн шинэчлэл” сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг
даргын орлогч К.Бахытжан, Татварын газрын дарга Т.Фестиваль, тус аймаг дахь
Гаалийн газрын дарга Б.Хуягбаатар, ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн
дарга Д.Ансаган болон гааль, татварын байгууллагын холбогдох албан тушаалтнууд
оролцон мэдээлэл хийж, санал солилцлоо.
Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр Монголын татварын албанаас татварын хууль тогтоомжийн шинэчлэлд оруулах саналыг орон даяар 2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цахим хэлбэрээр авч, хэлэлцүүлэг зохион байгуулах чиглэлийн хүрээнд энэхүү ажлыг зохион байгуулж байна.
Мөн аймгийн
Татварын газраас төрийн албан хаагчид болон иргэдийн дунд ХХОАТ-ын хөнгөлөлт, чөлөөлөлт,
буцаан олголтын талаар болон татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой танилцуулга хийж, санал авч, сургалтууд зохион байгуулж байгаа талаар аймгийн Татварын
газрын дарга Т.Фестиваль
мэдээллээ.