АРХАНГАЙ: Усны тооллогоор гол горхи, булаг шандын тоо нэмэгдсэн дүн гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-05 15:14:17

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн А/244 дугаар захирамжийн дагуу байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас усны тоо бүртгэлийн ажлыг 19 суманд зохион байгуулжээ.


Тооллогоор 995 гол горхи, 1005 булаг шанд, 232 нуур, 45 рашаан бүртгэгдсэн байна. Энэ тоо өмнөх хоёр жилийнхээс өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, гол горхи ширгээгүй, ширгэсэн байсан нь эргэж сэргэсэн гэсэн үг юм.


Байгаль хамгаалах нөхөн, сэргээх арга хэмжээний зардал, орон нутгийн хөгжлийн сан болон иргэдийн оролцоотой Чулуут сумын халуун рашаан, Булган сумын Хадат марааны рашаан, Их тээлийн рашаан, Тариат сумын Ангархайн рашаан зэрэг 5 рашааны хамгаалалтын бүсийг тогтоож, тэмдэгжүүлэлт хийж, рашааны хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.


Мөн 2024 онд Байгаль хамгаалах нөхөн, сэргээх арга хэмжээний зардал, орон нутгийн хөгжлийн сан болон иргэдийн оролцоотойгоор Булган сумын Их тээлийн булаг, Батцэнгэл сумын Баян-Өндөрийн булаг, Цэцэрлэг сумын Шавартын булаг, Ихтамир сумын Хавтгайн булаг, Төвшрүүлэх сумын Баахан булаг, Цахир сумын төвийн булгийн эхийг хашиж хамгаалжээ.

Холбоотой мэдээ