АРХАНГАЙ: Нэг саяас доошгүй тарьц, суулгацын нөөц бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-05 15:34:48

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ЗДТГ-аас мод үржүүлгийн газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж тарьц, суулгацын нөөцийг нэмэгдүүлэх, үр бэлтгэх байнгын болон түр талбайг байгуулах, арчлах ажлыг 2024 онд орон нутгийн төсвийн 80 сая төгрөгөөр хийжээ.

 

Энэ ажлын хүрээнд Эрдэнэмандал, Цэнхэр, Ихтамир сум дахь Сум дундын ойн анги, Булган, Өгийнуур, Эрдэнэбулган, Цэнхэр, Хайрхан сумын мод үржүүлгийн ААН-үүд 90 га талбайд 1.0 саяас доошгүй тарьц, суулгацын нөөц бүрдүүлэхээр хүлэмж болон ил талбайд навчит, шилмүүст модны 120 кг үр, 400.0 мянга гаруй мөчрөөр тарилт хийж усалгаа, арчилгааны ажлыг технологийн дагуу хийж байна.

 

Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хөрс, байгалийн бүс бүслүүрийн онцлогийг харгалзан үзэж, Хайрхан суманд 3 га, Цэнхэр суманд 2 га талбайд шинээр мод үржүүлгийн талбай байгуулаад байна. Эрдэнэмандал сум дахь Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайг 1 га талбайгаар өргөтгөж, ажиллах байрыг шинээр байгуулжээ.

Холбоотой мэдээ