БУЛГАН: Хөгнө Тарнын байгалийн цогцолборын ан амьтад өнтэй өвөлжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-02-05 17:47:30

Булган, 2025 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Тусгай хамгаалалттай газрын онцгой бүсэд бугын сүргийн зам жим дагуу өвс, бор хужрыг тараан байршуулж, биотехникийн арга хэмжээ авчээ.


Хөгнө Тарнын байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны ажилтан, албан хаагчид тусгай хамгаалалттай газрын онцгой бүс болох Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур, Улаан даваа, Даяанчийн рашаан орчмын төлөвлөгөөт мониторинг цэгүүдэд ажилласан байна.


Энэ үеэр халиун бугын 100 гаруй тооны сүрэг, 1 үнэгтэй таарч биологийн төрөл зүйлийг бүртгэн авч мэдээллийн санд баяжилт хийжээ.


Улаан даваа, Сүмийн толгой, Ширээт цагаан нуур, Хар мод, Даяанчийн рашаан, Халиун бугын хорголыг тоолж, хэмжээг нягтлан идэш тэжээлийн нөхцөл байдлыг ажиглалт хийжээ.

 

Өмнөх жилийн өвөлжилттэй харьцуулахад харьцангуй дулаан, хур тунадас бага сайхан өвөл болж байгаа тул бэлчээрээр байршиж байгаа халиун бугын идэш тэжээл хэвийн байна.


Ажиллах явцдаа орчны бүсийн иргэдэд биологийн төрөл зүйлийг харж хамгаалах, үргээж цочоохгүй байх талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.


Хөгнө Тарнын байгалийн цогцолбор нь Булган аймгийн Гурванбулаг, Рашаант сумдын урд хэсэг Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбайг хамарч үйл ажиллагаа явуулдаг тусгай хамгаалалттай газар юм.







Холбоотой мэдээ