Н.Одвогмэд: Зүү ороох оёдол нь нэг талдаа өөртөө бясалгал болдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны хоёрдугаар
сарын 5 /МОНЦАМЭ/. Ардын гар
урлалын дундаршгүй өв
соёлын нэг болсон зүү ороож даалин урлах урлагийг хөгжүүлж яваа даалин урлаач Н.Одвогмэдтэй ярилцлаа.
-Хэдийнээс даалин урлаж эхэлсэн бэ?
-Би даалин урлаад 10 гаруй жил болж байна. Анх хүүхэд байхдаа хөдөлмөрийн хичээл дээрээ зүү ороож сурсан. Хүнтэй суусныхаа дараа нөхөртөө болон аавдаа урлаж өгсөн даалинг маань хүмүүс хараад маш их сонирхож, урам өгсөн тул дараа дараагийн даалингуудаа урласан. Сүүлдээ даалин урлах нь миний хобби болж, өдийг хүртэл тасралтгүй 10 жил ажлынхаа хажуугаар даалин урлаж байна.
Увс аймаг төвөөс алслагдсан тул даалингийн бэлдэц хийх сонголт хомс, Улаанбаатараас захиалахаар ирэх гэж цаг хугацаа их алддаг байсан. Эхэндээ даалингийн бэлдцээ захиалж авдаг байсан бол сүүлдээ өөрөө хийдэг болсон. Даалин дээр урлах зураг дүрслэл, хээ угалзаа өөрөө зохиогоод зурчихдаг. Тэгээд хос зүү ороож даалингаа оёх, даалингаа битүүлэх, зоосон ширээсний сүлжмэл сүлжих зэргийг өөрөө хийдэг болсон. Сүүлдээ аймгаасаа халиад сумдаас болон Улаанбаатар хотоос захиалга авч байгаа. Одоо даалинтай холбоотой бүх зүйлийг өөрөө хийдэг болсон.
-Зүү ороох оёдлоор даалингаас гадна юу урладаг вэ?
-Мөнгөний хавтага,
цүнх, бүс, гутал, малгай, монгол дээлэнд зүү ороож гоёл
чимэглэл оруулж өгөх нь ихсэж байна. Зүү
ороох оёдол нь буцаж хөвөрдөггүй, маш бат
бөх, урт настай эдэлгээтэй оёдол
байдаг. Энэ оёдлыг ямар нэгэн машинаар дуурайлгаж оёх
боломжгүй. Миний хувьд дээрх бүгдийг урлаж үзээгүй, харин даалин урлалаа хөгжүүлээд нэр төрлөө нэмээд
явж байгаа. Зүү ороож урласан бүтээл хаана ч очсон үнэтэйд
тооцогдож, урлаг соёлын одод, улс төрчид ихээр гоёдог болсон. Зүү ороох оёдол нь эрт дээр үеэс өвлөгдөж ирсэн үнэт
өв соёл юм. Богд хаан, Дондогдулам хатны
ёслол хүндэтгэлийн дээл, гутлыг зүү ороож урласан байдаг шүү дээ. Зүү ороох оёдол нь нэг талдаа өөртөө бясалгал болдог.
-Даалин урлахад хэр их хугацаа ордог вэ?
-Даалин урлана
гэдэг нь хурдан бүтдэггүй, цаг
хугацаа их шаарддаг. Нэг даалинг үндсэн
ажлаа болгоод суувал хамгийн багадаа 14 хоногийн дараа бэлэн болно. Материалаа чанартайг нь сонгочихвол сэмэрсэн ч гэсэн цааш хөвөрдөггүй болохоор үе
дамжин хэрэглэгдэх өв болдог. Миний хувьд ажлын заваар энэ хугацаанд 100 гаруй
даалин урласан. Захиалга маш их
ирдэг, сонирхол юм болохоор зав чөлөөгөөрөө урлаад суучихна шүү дээ.
-Үнэ ханшийн хувьд ямар вэ?
-Торгоны чанар, хээ хуараас шалтгаалаад үнэ ханш нь өөр өөр байдаг. Хөдөлмөр их шаардсан, нарийн чимхлүүр ажилбартай бол үнэ нь өсөөд явчихна. Хамгийн хямд нь 300 мянга, түүнээс дээшээ хэр их хөдөлмөр орсноосоо хамаараад хэдэн сая ч болж болдог. Би даалин урлахаас гадна даалингийн бэлдэц хийж зардаг. Бэлдэц гэдэг нь торгоо сонгоод хатгах зургийг нь зураад, наалтыг нь наагаад, зүү, утаснуудыг нь сонгож, мөн загасан нурууг нь бэлдээд нэг уутанд хийгээд худалдахыг хэлнэ. Бэлдцийн хувьд материалын чанараасаа шалтгаалаад 40-300 мянгын хооронд үнэтэй байдаг. Даалин урлахад япон, энэтхэг торгонууд хамгийн сайн, зохимжтой байдаг.
-Даалин урлахад ямар нэгэн бэлгэдэл байдаг
уу?
-Байлгүй яахав. Хээ угалзны
хувьд их учиртай. Ахмад хүнд
өгөх үү, залуу хүнд дурсгах уу гэдгээс шалтгаалж өөр өөр байдаг. Мөн
тухайн хүний жил, өнгөний зохицол, бэлгэдлийг их
хардаг. Мөн даалин урлаж эхлэх өдөр судраа харна. Бүсгүйчүүд
эр нөхөртөө даалин урлаж өгснөөр хоорондын харилцаа бат бөх болдог гэж монголчууд бэлгэшээдэг.
Даалин урлахдаа хос зүү ороох, загасан нуруу гаргах, зоосон сүлжмэл хийх зэргээр маш гоё хээ хуарыг урлаж болдог. Энэ бүхэн монголчуудын оюун санаанаас урган гарсан зүйл шүү дээ. Иймээс даалин нь зөвхөн өөрийн
гараар урласан, дахин давтагдашгүй, хэн нэгэн дуурайх боломжгүй, 100 хувь хүний гараар бүтсэн гэдгээрээ онцлогтой. Мөн даалинг эр хүний
хийморийн уут гэдэг. Дээр үед
хаад дээдэс ийм өнгөөр, харц ард ийм өнгөөр даалин урлана гэдэг байсан
бол орчин цагт тухайн хүн өөртөө ивээл өнгөөрөө хийлгэдэг болсон. Бэлдэц ч элбэг болсон. Даалин урлахыг сонирхсон хүмүүст яаж
хийхийг заадаг сургалтыг ч их явуулж байна. Сүүлийн үед даалин урлах явдал маш их дэлгэрч байгаа. Мөн аяганы уутаас гадна эмэгтэйчүүд үсний уутыг зүү ороож урлах нь их болжээ.
-Ажилд нь амжилт хүсье.