АРХАНГАЙ: Хүүхдүүд бэлчээр, нутаг усаа хамгаалах чиглэлээр судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-02-06 12:18:01

Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Өндөр-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагчид “Бултаараа суралцаж, байгаль эхээ хамгаалъя” төслийг АНУ-ын Колорадо мужийн Их сургуулийн Хамтын ажиллагааны төвтэй хамтран хэрэгжүүлж байна.


Манай төв олон улсын Нүүдэлч малчдын судалгааны төв, АНУ-ын Пүрдүй Их сургууль, Колорадо болон Аризона мужийн Их сургуулийн эрдэмтэн, судлаач багш нартай хамтран Өндөр-Улаан, Ихтамир сум, аймгийн төвийн 4,7-р багийн нутаг дэвсгэрт “Монголын дуу чимээ” төслийг 2022-2023 онд хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд байгалийн дуу чимээ, нутгийн дуу хуур, бэлчээр, нутаг усаа хамгаалах чиглэлээр судалгаа хийсэн.

Судалгааны үр дүнгээ орон нутагт танилцуулах, ахмадуудын байгаль, бэлчээр усаа хамгаалж ирсэн уламжлалт ёс заншил, мэдлэгийг баримтжуулах, хүүхэд багачуудад таниулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Бултаараа суралцаж байгаль эхээ хамгаалъя” төслийг өөрийн сурч төгссөн Колорадо мужийн Их сургуулийн дэргэдэх Хамтын ажиллагааны төвийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Энэ төсөл 2024 оны 5 дугаар сард эхэлсэн, 2025 оны 9 дүгээр сард дуусна.

8а ангийнхан байгаль цаг агаар, бэлчээр нутгаа шинжих, зүй зохистой ашиглаж байсан ахмад үеийн туршлагаас суралцан, сурч мэдсэнээ ном болгон сумын номын сандаа хадгалуулна. Төслийн тасралтгүй байдлыг хангахаар 7-р ангийн дүү нар нь дараа дараагийн жилүүдэд үргэлжлүүлнэ” хэмээн Улаанбаатар хот дахь АНУ-ын Монгол судлал төвийн байгаль хамгааллын судлаач, доктор Ж.Чанцаллхам өгүүллээ.


Төслийн хүрээнд 8а ангийн сурагчдыг багийн харьяаллаар нь дөрвөн хэсэгт хуваан, сумын Соёлын төвийн ажилтнууд, төслийн удирдагчтай хамтран чиглүүлэн ажилладаг байна.


Хүүхэд бүр хийсэн ажил, өвөө, эмээ ахмадуудаас сонссон, өөрөө эрэл хайгуул хийж мэдсэн зүйлээ тэмдэглэдэг дэвтэртэй бөгөөд өнгөрсөн зун ургамлын хатаадас хийж, хамгийн сайн хатсан таван ургамлын хатаадсыг сумынхаа музейд өгчээ.


8а ангийн сурагч Э.Батжаргал, "Энэ сонирхолтой төсөл. Би саяхан Баянгол багийн иргэдийн Нийтийн хуралд ирсэн хүмүүст мэдээлэл хийсэн. Уг мэдээллээр тус багийн аль хэсэгт бэлчээр доройтсон, хаана идэмж сайтай, хаана бэлчээр доройтуулдаг ургамлууд ургаад байгаа талаар танилцуулсан. Мөн ангиараа хийсэн ажил, цаашид хийх ажлаа танилцуулсан гэв.


Тэд хоёрдугаар сард ургамал, бэлчээрийн сэдвээр АХА тэмцээн, дөрөвдүгээр сард сурч мэдсэнээ 7-р ангийн дүү нартаа танилцуулж, зун хамтдаа ургамлын хатаадас хийх, зургаадугаар сард хийсэн ажил, үр дүнгээ сумын иргэддээ танилцуулахаар төлөвлөсөн тухай мэдээллийг Архангай медиа группийн Өндөр-Улаан сум дахь сурвалжлагч Л.Цэвэлмаа мэдээллээ.

Холбоотой мэдээ