“Улаанбаатар биенналь”-ийг зургаадугаар сард зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын урлагийн зөвлөл хамтран “Улаанбаатар биенналь”-ийг 2025 оны зургаадугаар сарын 6-20-нд зохион байгуулна.
Улаанбаатар хот ЮНЕСКО-гийн Бүтээлч
хотуудын сүлжээнд 2023 онд нэгдэж, дэлхийн 90 гаруй улсын 355 гаруй бүтээлч
хотуудын эгнээнд багтсан нь Монгол Улсын соёл, урлагийг дэлхий дахинд сурталчлах, салбарын
эзлэх байр суурийг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болж байна.
ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээний
үйл ажиллагааны долоон төрөлд гар урлал ба ардын урлаг, дизайн урлаг, кино урлаг, хоолны урлаг, уран зохиол, медиа урлаг, хөгжмийн урлаг багтдаг.
2025 онд эдгээр долоон төрлийн нэг медиа,
дүрслэх урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “Улаанбаатар
биенналь”-ийг санаачлан, хотын иргэдийн оюун санаа, гоо зүйн мэдрэмж, түүх,
соёл, урлаг, уран сайхны танин мэдэхүйн хэрэгцээг хангах, соёлын аялал
жуулчлалыг хөгжүүлэх, оршин суугчдын амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор
зохион байгуулах юм.
“Улаанбаатар биенналь”-ийн ерөнхий
хөтөлбөр боловсруулагчаар Монголын урлагийн зөвлөл ТББ, хамтран зохион
байгуулагчаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Хөх
нар” орчин үеийн урлагийн төв, “Marketainment Mongolia” ХХК, ерөнхий куратороор
Австрали улсын куратор Тиан Жан удирдан ажиллаж байна. Биеннаалийн үеэр “Сарны дор, тэнгэрийн хаяанд” сэдвийн дор олон улсын
ерөнхий болон хамтарсан үзэсгэлэн, тайз болон гадна талбайн хөтөлбөр, урлагийн
боловсролын хөтөлбөр, куратор, уран бүтээлчдийн сургалт, уулзалт зэргийг тус тус зохион байгуулах юм.