ХӨВСГӨЛ: Мөрөн сум дахивар нөөц хүлээн авах байртай болсноор хог хаягдал 30-40 хувь багасна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр нар Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа төслийн гэрээнд гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд Мөрөн суманд дахивар нөөц хүлээн авах төвийн барилга барих юм.
Мөрөн суманд сүүлийн жилүүдэд хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудлын нэг болжээ.
Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс харахад, Мөрөн сумын нутаг дэвсгэрээс үүсэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэгдэж байгаа хог хаягдлын хэмжээ 2012 оноос 2,7 дахин нэмэгдэж, 2024 оны байдлаар 40 мянган тонн болсон.
Энэ нь Мөрөн хотын агаар, хөрс, усыг жилийн 4 улирлын турш бохирдуулдаг үндсэн бохирдуулагч болсон төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна.
Тус төсөл хэрэгжсэнээр хог хаягдалд эзлэх дахивар нөөцийн гарцыг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, амьдрах орчин сайжрах зэрэг олон үр дүн гарна гэдгийг Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара хэллээ.
Мөрөн суманд дахивар нөөц хүлээн авах төвийн барилгатай болсноор төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэж буй хог хаягдлын хэмжээ 30-40 хувь багасгах ач холбогдолтойг Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр онцолж байв.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Энэ удаагийн төсөл нь Өвсний
үндэс буцалтгүй тусламжийн 611 дэх, Хөвсгөл аймагт хэрэгжих 31 дэх төсөл болж
байна.
Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 103,632 ам.доллар юм.