БАЯН-ӨЛГИЙ: “Хортой хүнсний бүтээгдэхүүнээс татгалзъя” аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-02-14 16:32:05

Өлгий, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газрын санаачилгаар аймгийн хэмжээнд “Хортой хүнсний бүтээгдэхүүнээс татгалзъя” аяныг аймгийн ЗДТГ-тай хамтран өрнүүлж байна


Гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй хүнс хэрэглэх нь олон өвчний суурь шалтгаан болдог. Бидний ирээдүй болсон хүүхдүүд ямар хүнс хэрэглэснээс шалтгаалж насан туршийнх нь эрүүл мэнд ямар байх суурь нь тавигддаг.

 

Манай орны хувьд 19 хүртэлх насны хүүхдийн дунд жилд 130-150 орчим хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Ялангуяа Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэж байна.

 

Аймгийн хэмжээнд худалдаа үйлчилгээ явуулдаг худалдааны цэгүүдэд хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй, аюулгүй байдлын баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүн ихээр худалдан борлуулж байгаатай холбогдуулан Баян-Өлгий аймаг дахь гаалийн газар аймгийн удирдлагуудад хүнсний аюулгүй байдал, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийснээр Засаг даргын А/1128 дугаар захирамжаар Хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүний талаар сургалт сурталчилгаа хийх, Хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийх, хүнсний бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулах ажлын багууд байгуулан ажиллаж байна.

 

Гаалийн улсын байцаагчид ажлын багтай хамтарч хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнүүдий хор уршгийг танилцуулсан гарын авлага, слайд, видео контентуудыг хийж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, сургалтын менежер, хоол зүйч, эмч, нийгмийн ажилтнуудад чиглэсэн сургалтуудыг зохион байгуулж байна.

 

Мөн аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эсээ бичлэгийн болон видео контентын уралдааныг зарлан явуулж байгаа бөгөөд уралдааны дүнг энэ сарын сүүлээр гаргана гэж аймаг дахь Гаалийн газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ