ЗАВХАН: Аймгийн онцлох хүнээр Төрийн соёрхолт Б.Норовсамбууг тодруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-21 16:20:34

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 2024 оны онцлох хүнээр XX зууны манлай циркийн жүжигчин, төрийн шагналт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Бэгзсүрэнгийн Норовсамбууг тодруулжээ.


Уран нугаралтыг монгол үндэсний хэв маягаар, өвөрмөц арга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, дэлхийн уран нугаралтын шилдэг жүжигчний нэгд эрэмбэлэгдсэн Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Бэгзсүрэнгийн Норовсамбууг 2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, тэмдгээр шагнасан юм. 


Тиймээс Завхан аймаг оны онцлох хүнээрээ тодруулсан байна.

Б.Норовсамбуу нь 1948 онд Завхан аймгийн Сонгино, Сантмаргаз сумын нутгийн зааг Дэлгэрлэн худаг гэдэг газар төрсөн.

Тэрээр 1966 онд 18 насандаа гавьяат жүжигчин, 23 настайдаа төрийн шагнал, 36 насандаа Ардын жүжигчин болсон байна. Тэрээр толгой дээрээ аяга тавин нугараад, нэг гар дээрээ зогсох зэрэг үндсэн 21 трюк, 10 холбоосоос бүрдсэн сонгодог үзүүлбэр бэлтгэснээс гадна хүч, тэнцвэрийн дасгалтай хавсарсан, хамгийн их чадвар шаарддаг эквилибр каучук хэмээх нугаралтын үзүүлбэрийг Монголдоо анх хийсэн юм.


Тиймээс циркийн урлагийн хамгийн хүнд, ярвигтай төрөл болох уран нугаралтыг үндэсний хэв маягтай, өвөрмөц арга хэлбэрээр баяжуулан хөгжүүлсэн хэмээн Б.Норовсамбуу, түүний багш Т.Цэнд-Аюуш болон Д.Мажигсүрэн нарт 1971 онд Төрийн шагнал хүртээжээ.


Дэлхийн 45 орны 100 шахам хотод уран бүтээлээ толилуулж, Монголын уран нугаралтын гайхамшгийг үзүүлсэн байна.

1980-аад оны дундуур циркийн сургуульд багшилж олон залуу уран нугараачийг сурган хүмүүжүүлж “Бурхны суудал”, “Чуулган”, “Бандизоо”, “Уран сэтгэмж”, “Аалз”, “Могойн уран нугаралт” зэрэг үзүүлбэрийг бэлтгэж толилуулсан нь дотоод, гадаадад ихэд үнэлэгдэж, олон улсын циркийн наадмуудын олон шагнал хүртжээ. 


Б.Норовсамбуу гуайн 75 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтоос


Б.Норовсамбуу Отгонтэнгэр хайрхны өвөрт хамгийн отгон шавь нарын хамт, баримтат киноны зураг авалтын үеэр


"Хунгууд" Б.Норовсамбуу отгон шавь нарын хамт.

Завхан аймгийн Эрдэнэхайрхан ссумын Улаагчны Хар нуурын эрэгт баримтат киноны зураг авалтын үеэр

Гэрэл зургуудыг: Н.Сүхбат

Холбоотой мэдээ