Номын сангийн хишиг өдөр хөтөлбөрт 300 гаруй хүүхэд хамрагджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний номын сан анх удаа “Номын сангийн хишиг өдөр” боловсролын өдөрлөг зохион байгууллаа.
Сурагчдад Цагаан сарын ёс заншлыг таниулж, мэдлэг олгох зорилгоор сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй өдөрлөгт одоогоор 5-12 дугаар ангийн 300 гаруй хүүхэд хамрагдаад байна. Хүүхдүүд хуучин судар номын сан хөмрөг,
үнэт ховор номын музейн эртний судар бичиг, ховор үзмэрийг үзэж, номын
сангийн үйл ажиллагааг харуулсан зургийн загвар будах, лего тоглоом эвлүүлэх гэх
мэт боловсролын хөтөлбөрт хамрагдаж байна.
Түүнчлэн номын сангийн шинэ барилга, монгол гэр болон зарим үзмэрийг виртуал орчинд харуулж байна. Тухайлбал: монгол гэрийн унь, тооно, хана зэргийг виртуалаар бодит мэт үзүүлж байгаа нь хүүхдүүдийн сонирхлыг татахын зэрэгцээ илүү танин мэдэхүйн ач холбогдолтой юм.
"Үзмэр үзэж байгаа хүүхдүүд “Сахиусан дарь эх”, “Сандуйн жүд“ судрыг илүү сонирхож байна. Мөнгөлсөн 111 хуудсан дээр алтаар бичсэн “Сандуйн жүд” сударт нийт 52 кг 560 грамм цэвэр алт, мөнгө орсон. Хүүхдүүд үүнийг хараад "Ийм их алт орсон гэж үү?" хэмээн гайхширч, сонирхон үзэж байгаа"-г тус номын сангийн Үнэт ховор музейн сан хөмрөгч Б.Отгонтуяа хэлж байлаа.
Монголын Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд 516 ширхэг үзмэр хадгалагдаж байгаагийн дөрөв нь ЮНЕСКО-гийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн олон улсын баримтат өв болон Ази Номхон Далайн бүс нутгийн өвд, 20 нь Монгол Улсын Засгийн газрын түүх соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт өвд бүртгэлтэй.
Номын сангийн хишиг өдөр боловсролын өдөрлөг маргааш дуусна.